ЭХЭМҮТ-д олон улсын мэргэжилтнүүд төрөлхийн гажигтай 30 хүүхдэд мэс засал хийв

2026-09-03 18:001min
20260903-180037-file.jpeg
Франц, Тайванийн эмч нар ЭХЭМҮТ-тэй хамтран төрөлхийн зүрхний гажиг, уруул, тагнайн сэтэрхийтэй 30 хүүхдэд мэс заслын эмчилгээ хийжээ.

Франц, Тайванийн олон улсын мэргэжилтнүүд Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамтран төрөлхийн зүрхний гажиг, уруул, тагнайн сэтэрхий болон нүүрний гаж хөгжилтэй 30 хүүхдэд мэс заслын эмчилгээ хийлээ.

Франц улсын Страсбүргийн их сургуулийн хүүхдийн зүрхний мэс заслын баг төрөлхийн зүрхний гажигтай 10 хүүхдэд эмчилгээ хийсэн бөгөөд найман хүүхдэд цусны зохиомол эргэлтийн нөхцөлд зүрхний нээлттэй мэс засал хийж, тосгуур болон ховдол хоорондын таславчийн цоорхой, тосгуур-ховдлын нэгдсэн суваг, гол судас болон уушгины артерийн цонх зэрэг төрөлхийн гажгийг зассан байна.

Мөн хоёр хүүхдийн гол судасны хүнд зэргийн нарийслыг амжилттай эмчилжээ.

Тайванийн Noordhoff Craniofacial Foundation болон Chang-Gung Memorial Hospital-ийн пластик мэс заслын профессор Лун Жоу Лоугаар ахлуулсан баг ЭХЭМҮТ-ийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй хамтран уруул, тагнайн төрөлхийн сэтэрхий болон нүүрний төрөлхийн гаж хөгжилтэй 20 хүүхдэд мэс заслын эмчилгээ хийсэн байна.