ЕБС-ийн 1-5 дугаар ангийн сурагчдад шатрын үндэсний хөтөлбөр хэрэгжиж эхэлнэ

2026-08-31 16:001min
20260831-160030-file.jpeg
2026–2027 оны хичээлийн жилээс 1–5 дугаар ангийн сурагчдад зориулсан “Их нүүдэл” шатрын үндэсний хөтөлбөрийг Боловсролын яам болон Монголын шатрын холбоо хамтран хэрэгжүүлэхээр боллоо.

2026–2027 оны хичээлийн жилийн эхнээс Монголын Боловсролын яам, Монголын шатрын холбоотой хамтран ерөнхий боловсролын сургуулийн 1–5 дугаар ангийн сурагчдад зориулсан “Их нүүдэл” нэртэй шатрын үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр боллоо.

Энэхүү хөтөлбөр нь үндсэн хичээлийн агуулга биш боловч сурагчдын шүүн тунгаах, асуудал шийдвэрлэх, дүн шинжилгээ хийх болон бүтээлч сэтгэх чадварыг хөгжүүлэх зорилготой юм.

Хөтөлбөрийн хүрээнд орон нутгийн багш нарыг бэлтгэсэн бөгөөд Улаанбаатар хотын бага сургуулийн багш нарт бүтэн өдрийн сургалт зохион байгуулсан байна.

Шатар нь хүүхдийн логик сэтгэлгээ, анхаарал төвлөрөл, асуудал шийдвэрлэх чадварыг хөгжүүлэхэд чиглэсэн оюуны спорт учраас Монголын шатрын холбоо сургалтыг ерөнхий боловсролын сургалтын хөтөлбөртэй уялдуулахад онцгой анхааран ажиллаж байгаа юм.

Мөн Монгол Улсын Ерөнхий сайд асан, Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар энэхүү санаачилгыг дэмжиж, шатрын сургалтаар дамжуулан хүүхдийн сэтгэхүй, оюуны хөгжлийг дэмжих бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Г.Занданшатар ярихдаа, “Хиймэл оюун хүүхдийн өмнөөс бодох ёсгүй. Хиймэл оюун бидний амьдралын нэг хэсэг болж байна. Харин хүүхдүүд өөрсдөө бодож, асуулт асууж, асуудлыг шийдэж, зөв шийдвэр гаргах чадвартай өсөх нь бүр ч чухал. Үүнд шатар тусална.

Шатар нь хүүхдийг хэдэн алхмын цаадхыг харж, сонголтоо тооцоолж, гаргасан шийдвэрийнхээ үр дагаврыг ойлгоход тусалдаг. Тиймээс шатрыг зөвхөн дугуйлан, секцэд явдаг цөөн хүүхдийн хичээл байлгахгүй. Технологи хөгжих тусам хүүхдүүдээ өөрсдөөр нь бодуулъя. Багш нар бэлэн. Шатар бэлэн. Шинэ хичээлийн жилдээ бэлэн” гэжээ.