Засгийн газар 2027 оны улсын төсвийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ

2026-08-31 15:001min
20260831-150040-file.jpeg
Засгийн газраас 2027 оны төсвийн төсөлд орон сууцны урьдчилгаа төлбөрийг 15 хувь болгох, Оюутолгойн ногдол ашгийг иргэдийн саналаар зарцуулах зэрэг есөн гол шийдвэрийг танилцууллаа.

Засгийн газрын ээлжит бус хурлаар 2027 оны улсын төсвийн төслийг УИХ-д өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ. Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны төсвийн тодотгол болон 2027 оны төсвийн төслөөс онцлох есөн шийдвэрийг танилцуулсан юм.

Төсвийн тодотголд сайд нарын урсгал зардлыг 1.4 их наяд төгрөгөөр танаж, цалин, тэтгэвэр нэмэхэд зориулна. Ирэх оны төсвийн гол зорилго нь Монголын баялгийг монголчууддаа хүргэхэд чиглэж байна.

Ерөнхий сайдын есөн шийдвэр гурван багц агуулгатай юм. Үүнд, Оюутолгойн ногдол ашгаас иргэн бүрийн хуримтлалын данс, шинэ цахилгаан станц, малын эм вакцин, арьс ширний үйлдвэр, бүс бүрт Кэмбрижийн хөтөлбөртэй сургуулиуд, төрөлжсөн ахлах сургууль барих төсөл багтжээ. Ногдол ашгийг иргэдийн саналаар зарцуулахыг “И-Монголиа” платформоор шийдвэрлэх юм.

Тухайлбал, орон сууцны бодлогоор 16000 орон сууцыг 6 хувийн зээлээр, түрээслээд өмчлөх нөхцлөөр олгох бөгөөд төрийн 4000 орон сууцны урьдчилгаа төлбөр 30 хувь биш 15 хувь болж буурна.

Өөрийн гараар авсан “Эрдэнэс Тавантолгой”-н 1072 хувьцааг өвлүүлэх, бэлэглэх, арилжих эрхийг иргэдэд олгох, цалингийн 792,000 төгрөг хүртэлх орлогод татвар авахгүй байх, тэтгэврийн нэмэгдэл зэрэг шийдвэрүүд багтсан байна.

Мөн дулааны цахилгаан станц барих, эрчим хүчний бусад төсөл, боловсрол, эрүүл мэндийн бүхэлд нь шинэ бүтээн байгуулалтын сангууд тусгагдлаа. Сэргээгдэх эрчим хүчийг дэмжиж 500 цахилгаан машины цэнэглэгч “Ногоон өртөө” байгуулах, цахилгаан машинад гааль, онцгой албан татвар авахгүй байх шийдвэрийг тусгав.