Ерөнхий боловсролын сургуулиудад сошиал медиа ашиглахыг хориглохоор боллоо

Монгол Улс 2026-2027 оны хичээлийн жилээс эхлэн ерөнхий боловсролын сургуулиудад сошиал медиа ашиглахыг хориглохоор болжээ. Энэ талаар Боловсролын сайд Л.Энх-Амгалан мэдээлсэн байна. Шинэ зохицуулалтын дагуу сургууль, анги хамт олон багш, сурагч, эцэг эхийг оролцуулсан хичээл, сургалтын үйл ажиллагаатай холбоотой сошиал медиа чат, хуудас ажиллуулахгүй байх юм.
Энэхүү шийдвэр нь хүүхдүүдийн цахим орчин дахь аюулгүй байдлыг хангах, ухаалаг утас болон дэлгэцийн хэт хэрэглээг тодорхой хэмжээгээр бууруулах зорилготой гэж Боловсролын яам үзэж байна. Ингэснээр Facebook, Instagram, TikTok зэрэг платформоор дамжуулан сургууль, ангийн түвшинд мэдээлэл солилцох одоогийн хэлбэр өөрчлөгдөх аж.
Ерөнхий боловсролын сургуулиуд сургалтын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл солилцохдоо өөрийн үйл ажиллагаандаа ашиглаж байгаа байгууллагын болон суралцахуйн удирдлагын систем, албан ёсны платформыг ашиглах юм. Боловсролын яам уг арга хэмжээг хүүхдийн онлайн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх, дэлгэцийн хэт хэрэглээг бууруулж, сурагчдын хичээлдээ анхаарах боломжийг нэмэгдүүлэх зорилготой гэж тайлбарлажээ.
