Эквадорт жүдогийн өсвөр үеийн ДАШТ эхэлж, Монгол тамирчид хүрэл медалийн төлөө барилдлаа

2026-08-21 22:001min
20260821-220027-file.jpeg
Эквадорын Гуаякиль хотод жүдогийн өсвөр үеийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн эхэлж, Монголын тамирчид хүрэл медалийн төлөө барилдаж байна. Тэмцээнд 59 орны 457 жүдоч оролцож байна.

Эквадорын Гуаякиль хотноо жүдогийн өсвөр үеийн Дэлхийн Аварга Шалгаруулах Тэмцээн (ДАШТ) өнөөдөр нээлтээ хийлээ.

Тэмцээнд 59 орны 457 жүдоч оролцож байгаа бөгөөд Монгол Улсаас хөвгүүдийн 10, охидын 9 тамирчин хүч үзэж байна. Тэмцээний эхний өдөр хөвгүүдийн 50, 55, 60 кг, охидын 40, 44, 48 кг-ын жингийн медальтнууд тодорсон байна.

Хөвгүүдийн 60 кг-ын жинд Монголын А.Даваабаатар, Ж.Энхтөр нар хүрэл медалийн төлөө хоорондоо барилдлаа. А.Даваабаатар Бразил, Австралийн тамирчдыг ялж, хэсгийн аваргын төлөө Японы тамирчинд дийлдсэн ч медалийн төлөө барилдах эрх авчээ. Ж.Энхтөр Алжир, Саудын Араб, Киргизийн тамирчдыг ялсан байна.

Хагас шигшээд Канадын Роман Семирозумд дийлдсэнээр хоёр Монгол тамирчин хоорондоо хүрэл медалийн төлөө барилдахаар болсон бөгөөд Ж.Энхтөр цэвэр ялалт байгуулжээ.

Охидын 44 кг-ын жинд Ц.Амин-Эрдэнэ тавдугаар байр эзэлсэн бөгөөд Аргентин, Итали, Бельгийн тамирчдыг ялсан ч Туркийн тамирчинд дийлджээ.

ДАШТ-ий эхний өдөр Казахстан нэг алт, хоёр мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн амжилтаар тэргүүлж байна. Узбекистан нэг алт, гурван хүрэл, ОХУ, Израиль нэг алт, нэг хүрэл, Азербайжан, АНУ тус бүр нэг алт хүртсэн байна.

Турк, Бельги, Армени, Канадын тамирчид тус бүр нэг мөнгө, Франц хоёр хүрэл, Бразил, Монгол, Польшийн тамирчид тус бүр нэг хүрэл медаль хүртжээ.