Шархад дэд төвд эхний 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа

2026-08-21 15:001min
20260821-150050-file.jpeg
“Улаанбаатар хотын ногоон орон сууц” төслийн хүрээнд Шархад дэд төвд барьсан эхний 110 айлын ногоон орон сууц ашиглалтад орж, оршин суугчдаа хүлээн авахад бэлэн боллоо.

“Улаанбаатар хотын ногоон орон сууц” төслийн хүрээнд Шархад дэд төвд барьсан эхний ээлжийн 110 айлын ногоон орон сууцыг ашиглалтад орууллаа.

Шархад дэд төвд нийт 338 айлын ногоон орон сууц барихаар төлөвлөснөөс эхний 110 айлын орон сууц ашиглалтад орж, оршин суугчдаа хүлээн авахад бэлэн болсон байна.

Нийт орон сууцны 10 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулан төлөвлөж, орц, гарц болон дотоод зохион байгуулалтыг хүртээмжтэй байдлаар шийдсэн.

Эдгээр орон сууц нь эрчим хүч, усны хэмнэлттэйгээр төлөвлөгдсөн бөгөөд энгийн стандарт барилгатай харьцуулахад эрчим хүчийг 25 хувь, усыг 20-25 хувиар хэмнэх үзүүлэлттэй байна. Мөн барилгын материалд шингэсэн эрчим хүчийг 20-25 хувиар хэмнэхээр тооцоолсон.

Ногоон орон сууц нь олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн EDGE сертификатыг авсан бөгөөд барилгын материалын сонголт, ус болон эрчим хүчний хэрэглээнд хэмнэлттэй, байгаль орчинд ээлтэй байдлаар төлөвлөгдсөн байна.

“Улаанбаатар хотын ногоон орон сууц” төслийн хүрээнд Баянхошуу, Шархад дэд төвд нийт 4200 айлын ногоон орон сууц барихаар төлөвлөсөн бөгөөд эдгээр орон сууцны төслүүдийг 120 мянган ам метр ногоон байгууламж, 16.4 километр дугуйн зам, 39.2 километр явган хүний зам, 3800 автомашины зогсоолтой цогцоор байгуулахаар төлөвлөжээ.

Төслийн хүрээнд нийт 8000 өрхийн яндангийн тоо, 5000 өрхийн нүхэн жорлонг бууруулж, жилд 2.4 сая кВт.цаг эрчим хүч, 5.5 сая литр ус хэмнэхээр тооцоолсон байна.