COP17 бага хуралд 7.6 тэрбум ам.долларын 314 төсөл бүртгүүлжээ

2026-08-17 10:001min
20260817-100023-file.jpeg
COP17 бага хуралд 7500 гаруй төлөөлөгч оролцохоор бүртгүүлсэн бөгөөд 7.6 тэрбум ам.долларын өртөг бүхий 314 төсөл хөрөнгө оруулалт татахаар бүртгэгдсэн байна.

Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) наймдугаар сарын 17-ны өдөр албан ёсоор эхэлнэ. Хуралд 7500 гаруй зочин, төлөөлөгч бүртгүүлсэн бөгөөд үүнээс 1000 гаруй нь дотоодын оролцогчид юм.

COP17 бага хурлын албан ёсны цахим хуудсанд наймдугаар сарын 14-ний байдлаар хөрөнгө оруулалт татахаар 7.6 тэрбум ам.долларын өртөг бүхий 314 төсөл бүртгүүлжээ. Эдгээрийн дотор бэлчээрийн тэргүүлэх санаачилгын хүрээнд 2.1 тэрбум ам.долларын өртөгтэй 174 төсөл, ус ба газрын нэгдсэн менежментийн санаачилгын хүрээнд 3.2 тэрбум ам.долларын өртөг бүхий 57 төсөл багтсан байна.

Мөн байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтцийн санаачилгын хүрээнд 2.3 тэрбум ам.долларын өртөг бүхий 83 төсөл санхүүжилт хүссэн бөгөөд үүнд сэргээгдэх эрчим хүч, бэлчээр ашиглалт, Орхон-Онги ус дамжуулах шугам хоолойн төсөл, Зүүн Хойд Азид шороон шуурганы эх үүсвэрийг бууруулах, бүс нутгийн интеграц, цөлжилтийн эсрэг Монголын ухаалаг инженерчлэлийн шийдэл зэрэг төслүүд багтжээ.

Хурлын талбайн Цэнхэр бүсэд албан ёсны хурал, хэлэлцүүлгүүд зохион байгуулагдах бол Ногоон бүсэд олон нийт, иргэдэд чиглэсэн үйл ажиллагаанууд явагдах юм. Урьдчилсан хөтөлбөрийн дагуу Цэнхэр бүсэд даваа гарагт талуудын бага хурлын 1, 2 дугаар хуралдаан, шинжлэх ухаан технологийн хороо, конвенцын хэрэгжилтийг хангах хорооны хуралдаанууд болохоор байна.