Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол болов

2026-08-03 13:011min
20260803-130109-file.jpeg
2026 онд Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол Чөчү хайрхны тахилгат овоонд болж, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцлоо. Ёслол нь уул овоо, ус мөрний тахилга болон байгаль хамгааллын ач холбогдлыг онцлов.

2026 оны 08 дугаар сарын 02-ны өдөр XVII жарны Гал морин жилийн зуны адаг Хөхөгчин хонь сарын арван есөн өдөр Хөвсгөл нуурын лусыг тахих төрийн тахилгын ёслол Чөчү хайрхны тахилгат овоонд боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх төрийг төлөөлөн энэхүү тахилгын ёслолд оролцсон юм.

Тахилгын өмнөх өдөр Хөвсгөл аймгийн Мөрөнгийн хүрээ Гандандаржайлин хийдийн лам нар Итгэл, Санжаанамсиг, Зүгдор, Тамжаджав, Хорвоонжиг, Сэртүв, Одсүрэн, Шагжтүв болон Долоон бурхан од тус бүрт тахилгын ном хурлаа.

Тахилгын өдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн бэлгэдлийг илэрхийлж, хүндэт харуулын цэргүүдээр хамгаалуулан тахилгын талбайд хүрэлцэн ирсэн бөгөөд Монгол Улсын Төрийн далбаа, Бүх цэргийн Их хар сүлдний Умарын элч сүлд, Хөвсгөл аймгийн туг, Эзэн Богд Чингис хааны хөрөг, Төрийн долоон эрдэнийг тахилын ширээн дээр байрлуулсан юм.

Лам нар ном уншиж, дун, хэнгэрэг зэрэг хөгжмөөр овооны эздийг урин залж, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын бүжигчид лусыг баясгах хатдын бүжгийг бүжиглэв.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уул овоо, ус мөрний тахилга нь эх дэлхий, нутгаа хайрлан хамгаалах үзэл санаа, үүрэг хариуцлага бөгөөд улсын үндэс болсон газар нутгаа тэмдэглэн тогтоох, өв соёл, түүх, зан заншлаа ирээдүй хойчдоо өвлүүлэх төрийн их ёслол болохыг тэмдэглэв.

Монголчууд Хөвсгөл нуурыг “Далай ээж” хэмээн нэрлэн дээдэлдэг уламжлалтайг онцлов.

Тэрбээр уул овооны тахилга нь байгалийн унаган төрх, экосистемийг хамгаалахад чухал ач холбогдолтой гэдгийг тэмдэглэн, ЮНЕСКО-оос “Уул овоо тахих монгол зан үйл”-ийг соёлын биет бус өвийн Дэлхийн жагсаалтад бүртгэсэн тухай дурдав.

Мөн төрийн тахилгат хайрхдын судалгаа, шинжилгээг хийж, тахилгын уламжлал, зан үйл, дэг ёс, уул, усны онцлогийг судалж, сурталчилж байгааг онцолжээ.

Ерөнхийлөгч Хөвсгөл нуурын эх, хүү 13 овооны тэнгэр, Цогт охин тэнгэрийн дүрт лус, найман аймгийн нөхөд төрийг хүчирхэгжүүлэн, ард олныг энхжүүлэн, ивээлийг хүртээж, эх дэлхийг рашаан усаараа мөнхжүүлэн тэтгэхийг сүслэн даатгав.

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дэд дарга Э.Золбоо Хөвсгөл нуурын лус, савдагт хандсан айлтгалыг уншиж, эх хувийг Хөвсгөл аймгийн музейд хадгалахаар Засаг дарга Л.Төмөрбаатарт гардууллаа.

Соёлын тэргүүний ажилтан Б.Нарандэлгэр “Далай ээжийн магтаал”-ыг хайлж, Хөвсгөл аймгийн Хөгжимт драмын театрын гоцлол дуучин П.Амарсайхан “Монгол далай” дууг дуулан лус савдагт хүндэтгэл үзүүлэв.

Хүндэт харуулын цэргүүд төрийн бэлгэдлийг буцаан залж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх овооны өмнө мэхийн ёсолж, тахилгын ёслолыг өндөрлүүлэв.

Хөвсгөл нуур нь Монгол Улсын гадаргын цэвэр усны нөөцийн 70 гаруй хувийг бүрдүүлдэг бөгөөд Төв Азийн цэнгэг усны эх, ховор амьтан, жигүүртний өлгий нутаг юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Гал морин жилд Хөвсгөл нуурыг төрийн тахилгатай болгох зарлиг гаргасан бөгөөд 2021-2025 онд нуурт живсэн усан онгоц, машин, техникүүдийг татан гаргаж, шатахуун, тос, аюултай хог хаягдлаас сэргийлсэн байна.

Мөн энэ жил Хөвсгөл нуурын орчмыг цэвэрлэх хоёр сарын аян өрнүүлж, нуурыг судлах Олон улсын төв байгуулжээ.