Нийслэлийн зарим дүүргийн цахилгаан төлбөрийн хугацааг нэгтгэж шинэчилнэ

Нийслэлийн иргэдийн гар утсанд сар бүрийн 20-ны өдрийн дотор цахилгаан эрчим хүчний төлбөрөө төлөхийг сануулсан мессежийг “УБЦТС” ТӨХК-аас илгээдэг.
2026 оны наймдугаар сараас эхлэн Сонгинохайрхан, Чингэлтэй, Зуслан хэрэглэгчдэд үйлчлэх төвүүд болон Налайх, Зуунмод төвүүдийн хэрэглэгчдийн цахилгааны төлбөрийн хугацааг нэг циклд нэгтгэж, төлбөрийг сар бүрийн 20-ноос 30-ны өдрүүдэд авах шинэ журам хэрэгжиж эхэлнэ.
Шинэчлэгдсэн төлбөрийн циклд тоолуурын бичилт хийх, нэхэмжлэл илгээх, төлбөр цуглуулах, төлбөрөө төлөөгүй хэрэглэгчийн хэрэглээг түдгэлзүүлэх, алданги ногдуулах зэрэг үйл ажиллагаа тодорхой хугацаанд явагдах болно.
“УБЦТС” ТӨХК-ийн мэдээлснээр, борлуулалтын орлогыг хэрэглэгчдээс сар бүр бүрэн төвлөрүүлэх нь эрчим хүчний салбарын тасралтгүй, найдвартай ажиллагааг хангахад чухал үүрэгтэй юм.
Ухаалаг тоолуурын систем нэвтрүүлснээр өмнө нь хэрэглэгч бүрийн тоолуурын заалтыг биечлэн авдаг байсан хүн хүч, цаг хугацааны зардлыг бууруулж, үйлчилгээг цахимжуулан автоматжуулж байна.
Цахилгаан эрчим хүчний борлуулалтын үйл ажиллагаа алсын зайнаас цахимаар явагдах бөгөөд бусад хэрэглэгчдийн хүрээнд энэ системийг удахгүй нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
