Барилгын салбарт авлигын асуудал үүсгэдэг улсын комиссыг ажиллуулахгүй болгоно

Улсын хэмжээнд жил бүр 20-21 мянган барилга байгууламж шинээр ашиглалтад орж байна. Эдгээрийн 50 хувь нь Улаанбаатар хотод, үлдсэн нь аймаг, орон нутагт баригддаг. Гүйцэтгэгч компаниуд барилгын ажлын улсын комисс томилуулахад дунджаар нэг сар орчим хүлээдэг бөгөөд энэ хугацааны хоцрогдол нь авлига, хардалт, сэрдэлтийн асуудлыг үүсгэдэг.
Иймд Барилгын шинэчилсэн хуулинд улсын комиссыг ажиллуулахгүй байх шийдлийг тусгаж, шатлалыг хөнгөн, ил тод, нээлттэй, шуурхай болгохоор зохицуулжээ. Тодруулбал, зураг төсөл зохиогч болон зөвлөх үйлчилгээний компаниуд барилгын ажлын эхлэлээс дуусах хүртэл зөвлөгөө өгч, хяналтаа тавих юм.
Барилгын ажил дуусмагц мэргэжлийн инженерүүд тухайн барилгыг хүлээж авах бөгөөд төр нь олон улсын жишигт нийцсэн бүртгэлийг хөтлөх зохицуулалтыг нэвтрүүлэхээр төлөвлөж байна.
