669 нэр төрлийн хөнгөлөлттэй эмээс 263-ыг хасах шийдвэр гаргажээ

Э.Батшугар хэлэхдээ, одоогийн 669 нэр төрлийн хөнгөлөлттэй эмийн жагсаалтаас 263 нэр төрлийг хасах гэж байна. Учир нь эдгээр эмүүд Монгол Улсад бүртгэлгүй бөгөөд хэн, хэзээ, хаана үйлдвэрлэж, хэрхэн оруулж ирсэн нь тодорхойгүй, мөн улсын бүртгэлийн хугацаа нь дууссан байна.
Хасагдсан эмүүдийн оронд улсын эмнэлгүүдээс Монгол Улсын иргэдийн хамгийн их өвчилж буй оношийн жагсаалтыг үндэслэн шаардлагатай эмүүдийг хөнгөлөлтийн жагсаалтад нэмэхээр төлөвлөж байна.
Цаашид дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй орнуудаас хамгийн чанартай эмийг импортлох бодлого баримтална гэж мэдэгдэв.
Мөн улсын эмнэлгүүд жилд 370 тэрбум төгрөгөөр эм худалдан авдаг ч ижил төрлийн эмийг өөр өөр үнээр авдаг байсныг зогсоож, хуулийн дагуу худалдан авалт хийхээр зохицуулж байна. Ингэснээр нэг эмнээс 300 сая төгрөгийн хэмнэлт гарах боломжтой гэж тооцоолж байна.
Наадмын дараа эмийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулах төлөвлөгөөтэй байна.
