Газар олголтын мэдээллийг egazar.gov.mn сайтаар нээлттэй болгов

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн ерөнхий газраас газар олголт, газар ашиглалтын мэдээллийг үе шаттайгаар нээлттэй болгох ажлыг хэрэгжүүлж байна.
Энэхүү хүрээнд аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан газар зохион байгуулалтын тухайн жилийн төлөвлөгөөнд тусгагдсан газар олголтын хэмжээ, байршил, зориулалтын мэдээллийг иргэд, олон нийт www.egazar.gov.mn цахим системээр дамжуулан хялбархан үзэх боломжийг бүрдүүлжээ.
Ингэснээр иргэд egazar.gov.mn цахим хуудсаар дамжуулан газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд газар олгохоор төлөвлөсөн болон Засаг даргын шийдвэрээр олгосон газруудыг зориулалтаар нь ангилан газрын зураг дээр харах боломжтой болсон байна.
Төлөвлөлтийн мэдээллийг нээлттэй, ойлгомжтой хэлбэрээр хүргэснээр аймаг, нийслэл, сум, дүүргийн газар олголтын үйл ажиллагааны ил тод байдал хангагдаж, иргэд мэдээлэл авах, хяналт тавих боломж нэмэгдэж байна.
