Монгол Улсын анхны геопарк “Ханбогд–Шар цав” нээлтээ хийлээ

2026-07-02 12:001min
20260702-120035-file.jpeg
Өмнөговь аймагт Монгол Улсын анхны геопарк "Ханбогд–Шар цав" нээгдэж, орон нутгийн хөгжлийг дэмжих, соёл, байгалийн өвийг хамгаалах зорилготой хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

2026 оны 7 дугаар сарын 1-ний өдөр Өмнөговь аймгийн Ханбогд сумын Дэмчог соёл, амралтын хүрээлэнд Монгол Улсын анхны геопарк болох “Ханбогд–Шар цав”-ын нээлтийн арга хэмжээ болов.

Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комиссын дарга Б.Батцэцэг нээлтийн үеэр “Ханбогд–Шар цав” геопарк нь геологи, палеонтологи, соёлын өвийг хамгаалах, олон улсад таниулах, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх, орон нутгийн хөгжлийг дэмжих ач холбогдолтойг онцоллоо.

Тэрбээр уг геопаркийг Дэлхийн геопаркуудын сүлжээнд нэгтгэх нь 50 гаруй улсын 240 гаруй геопаркуудын туршлагаас суралцах, дэлхий судлалын шинжлэх ухааны хамтын ажиллагааг дэмжих боломжтойг тэмдэглэв.

Арга хэмжээний үеэр Өмнөговь, Дорноговь аймаг болон Ханбогд, Манлай, Мандах, Хатанбулаг сумдын Засаг дарга нар “Ханбогд–Шар цав” геопаркийг хамтран хөгжүүлэх, хамгаалах, менежментийг хэрэгжүүлэх хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэхүү санамж бичиг нь геопаркийн хамтын засаглалыг бэхжүүлэх, Дэлхийн геопаркуудын сүлжээнд нэгдэх бэлтгэл ажлыг уялдуулан хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

Арга хэмжээнд Дорноговь аймгийн Засаг дарга О.Батжаргал, Өмнөговь аймгийн Засаг даргын орлогч Ж.Занабазар, НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагч Яап ван Хиердэн, ЮНЕСКО-ийн Зүүн Ази дахь төлөөлөгчийн газрын захирал профессор Шахбаз Хан, Рио Тинто Монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Амаржаргал, Геопаркийн үндэсний хорооны дарга Х.Санчигдорж болон төр, олон улсын байгууллага, хувийн хэвшил, эрдэмтэн судлаачид, орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцов.

Монгол Улсын анхны үндэсний геопарк нээлтээ хийснээр геологийн өв, байгалийн тогтоц, нүүдлийн соёлын үнэт өвийг хамгаалах, олон нийтэд таниулах, мөн Монгол Улсыг Дэлхийн геопаркуудын сүлжээнд нэгтгэх эхлэл тавигдлаа.