М.Энхболдын хүү М.Анарыг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томиллоо

УИХ-ын хаврын ээлжит чуулганы өнөөдрийн хуралдаанаар Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчийн томилох асуудлыг шийдвэрлэлээ. Өчигдрийн чуулганы хуралдаанаар гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд уг томилгоотой холбогдуулан УИХ дахь АН-ын бүлгээс завсарлага авах хүсэлт гаргасан ч УИХ-ын дарга зөвшөөрөөгүй юм. Нууц санал хураалтаар 91 гишүүн оролцож, 77 нь дэмжсэнээр М.Энхболдын хүү М.Анарыг Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгчөөр томилсон байна.
М.Анарыг 1984 онд Улаанбаатар хотод төрсөн бөгөөд боловсролын хувьд Нийслэлийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль, Япон улсын Хакуо ахлах сургууль, Хакуо их сургуулийн бизнесийн удирдлага мэргэжлээр бакалавр зэрэгтэй төгссөн. Мөн АНУ-ын Индианагийн их сургуульд суралцаж, Колумбын их сургуульд эдийн засгийн бодлогын удирдлагаар магистрын зэрэг хамгаалсан.
Ажлын туршлагад нь Монголбанкны Гадаад валютын нөөцийн хэлтсийн мэргэжилтэн, Зайнаас хяналт тавих хэлтсийн хянан шалгагч, Төлбөр тооцоо, бүртгэлийн газрын захирал, Төлбөр тооцооны газрын захирал, мөн Төлбөрийн систем, технологийн газрын захирлаар ажилласан туршлага багтана.
