УИХ-ын асуулгын цагт нийгмийн хамгаалал, халамжийн бодлогоор ярилцав

Улсын Их Хурлын ээлжит чуулганы хугацаанд сар бүрийн сүүлийн долоо хоногийн Баасан гарагийн үдээс хойших нэгдсэн хуралдаан нь асуулгын цаг болдог бөгөөд энэ удаад “Нийгмийн хамгаалал уу, нийтийн халамж уу” сэдвээр Засгийн газрын бодлогыг тодрууллаа.
Гишүүд асуултаа долоо хоногийн өмнө Улсын Их Хурлын даргад бичгээр хүргүүлж, парламентын цахим хуудсанд байршуулсан байна.
Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл нийгмийн хамгаалал, халамжийн асуудал нь Монгол Улсад тулгамдсан, ил тод байх ёстой чухал сэдэв гэдгийг онцоллоо. Тэрбээр сүүлийн жилүүдэд нийгмийн хамгаалал нь нийтийн халамж болж хувирсан талаар байр сууриа илэрхийлж, энэ асуудлыг тодруулахыг хүсэв.
Ерөнхий сайд Н.Учрал нийгмийн хамгаалал, халамжийг нэгтгэн авч үздэг байсан нь үнэн гэдгийг хүлээн зөвшөөрч, Засгийн газраас “Чөлөөлье” санаачилгыг дэвшүүлэн эдийн засгийн өсөлтийг өрх, хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэхэд чиглүүлж байгааг танилцууллаа.
Нийгмийн хамгаалал, халамжид жилд 2.4 их наяд төгрөг зарцуулж, үүнээс 1.5-1.7 их наяд төгрөгийг хүүхдийн мөнгөнд чиглүүлж байгаа нь хүн амын өсөлтийн бодлоготой холбоотойг онцлов. Иймээс нийгмийн хамгаалал, халамжийг салгаж ойлгох шаардлагатай гэж үзэж байна.
Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийг Засгийн газраас Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн бөгөөд энэ хууль нь нийгмийн халамжийг нийгмийн хамгаалалаас салгаж харах зорилготойг Ерөнхий сайд тайлбарлав.
Улсын Их Хурлын гишүүн О.Цогтгэрэл хөдөлмөрийн насны 2.3 сая иргэнээс бараг 1 сая нь халамжид хамрагдаж, 2.5 их наяд төгрөг зарцуулсныг бууруулах, халамж, хамгааллыг ялгах талаар тодрууллаа.
Ерөнхий сайд Н.Учрал нийгмийн халамж нь нийгмийн хамгааллын нэг хэсэг бөгөөд 2.4 их наяд төгрөгийн 72 хувь нь хүн амаа өсгөх бодлогод чиглэсэн гэж хариуллаа. Хүн ам 10 жилийн хугацаанд 400 мянгаар өссөн тул Гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуульд энэ асуудлыг тусгасан байна.
Мөн тэрбээр халамжийн системийг зөв удирдаж, ядуурлаас гаргах, хөдөлмөр эрхлэлтийг дэмжихэд анхаарах шаардлагатайг тэмдэглэв.
Чуулганы үеэр цөөнхийн төлөөлөл гишүүд төрийн өмчит компаниудын ашиг муутай ажиллаж байгаа ч өндөр цалин авдаг, авлига, албан тушаалын гэмт хэрэгтэй холбоотой асуудал, нүүрсний салбарын далд халамжийг цэгцлэх талаар асуулт тавьсан.
Ерөнхий сайд төр, иргэдийн итгэлийг сэргээх, салбар бүрийн шинэчлэлийг эхлүүлж байгааг онцлоод бизнесийн эрх чөлөө, татварын шинэчлэл, төрийн өмчит компаниудын засаглалыг сайжруулах хуулийн төслүүдийг Улсын Их Хурал баталж байгааг дурдлаа.
Төрийн өмчит компаниуд ашигтай ажиллавал урамшуулал авах бөгөөд алдагдалтай, өндөр цалинтай байдлыг бууруулах хууль батлах гэж байгааг хэлэв.
Мөн агаарын бохирдлыг бууруулах хүрээнд сайжруулсан түлшийг хямд үнээр нийлүүлж, Багануурт үйлдвэр байгуулах ажлыг эхлүүлж байгаа талаар мэдээлэв.
Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд Бэрхийн уурхайд осолдсон 112 иргэний тэтгэмжийг Засгийн газар олгоогүйг, Ж.Галбадрах боловсролын салбарын шинэчлэлд судалгаа дутмаг байгааг онцлон багшийн хүртээмж, сургууль, цэцэрлэгийн барилгын асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар асуулт тавьсан.
Эдгээр асуултад холбогдох албан тушаалтан хариулт өгсөн байна.
