Монголын мэргэн буучид залуучуудын дэлхийн аваргаас гурван медаль хүртэв

Герман улсын Зуль хотод болсон залуучуудын буудлага спортын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын мэргэн буучид гурван медаль хүртлээ.
70 орны 800 гаруй тамирчин оролцсон уг тэмцээнд Монголын багийг Гавьяат дасгалжуулагч Л.Ундралбат, олон улсын хэмжээний мастер Ц.Мөнх-Эрдэнэ нар удирдсан бөгөөд есөн мэргэн бууч дэлхийн шилдгүүдтэй өрсөлдсөн юм.
50 метрийн сонгомол гар бууны дасгалд спортын мастер А.Ариунзаяа хүрэл медаль хүртсэн байна. Мөн тус дасгалд А.Ариунзаяа, А.Эгшиглэн, П.Нарансолонго нар багийн дүнгээр алтан медаль хүртжээ.
25 метрийн стандарт гар бууны эмэгтэйчүүдийн ангилалд П.Нарансолонго, А.Эгшиглэн, Э.Халиун нар багийн нийлбэрээр хүрэл медалийн эзэд болсон байна.
Тэмцээнд нийт 23 орны мэргэн буучид медаль хүртсэн бөгөөд Энэтхэгийн баг долоон алт, найман мөнгө, есөн хүрэл медальтайгаар багийн дүнгээр тэргүүлсэн бол ОХУ, Итали удаалсан байна.
