Нийслэлд шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлж байна

2026-06-29 22:001min
20260629-220045-file.jpeg
Улаанбаатар хотод шүлхий өвчний тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд нийслэлд мал, амьтны гоц халдварт өвчнөөс сэргийлэх вакцинжуулалт, хяналт шалгалтыг эрчимжүүлж байна.

Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлснээр, нийслэлд мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэн хэрэгжүүлж байна.

Одоогоор Улаанбаатар хотод шүлхий өвчний тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд Нийслэлийн Мал эмнэлгийн газраас халдвараас урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Энэ оны хаврын вакцинжуулалтын хүрээнд үхэр, гахайг толгой бүрчлэн дархлаажуулж дууссан бөгөөд орон нутагт шүлхий өвчин тархсантай холбогдуулан нийслэлийн 317 мянган толгой бог малыг нэмэлтээр вакцинжуулах ажил 81 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Улаанбаатар хотод нийт 430 гаруй мянган толгой таван хошуу мал байдгаас 317 мянга нь бог мал юм.

Бог малын тоо ихтэй Багануур болон Сонгинохайрхан дүүрэгт вакцинжуулалтын ажил үргэлжилж, ойрын хоёр хоногт дуусгах төлөвтэй байна.

Нийслэлийн шалган нэвтрүүлэх болон хяналтын цэгүүдэд мал, амьтны гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний тээвэрлэлтэд тогтмол хяналт шалгалт хийж, хорио цээрийн дэглэм тогтоосон бүс нутгаас мал нэвтрүүлэхгүй байгааг албаныхан мэдээлэв.

Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ сарын 25-наас наймдугаар сарын 15-ныг хүртэл Улаанбаатар хот руу нэвтрэх тээврийн хэрэгслийг шалган, халдваргүйжүүлэх арга хэмжээг хэрэгжүүлж байна.

Мөн өвчний голомттой бүсээс мал, амьтны гаралтай бүтээгдэхүүн нийслэлд оруулахгүй байх, эрүүл бүс нутгаас мах, дайвар бүтээгдэхүүн тээвэрлэхэд гарал үүслийн гэрчилгээ шаардах, маршрутын бус замаар тээвэрлэхгүй байхыг иргэд, аж ахуйн нэгжүүдэд анхааруулжээ.

Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн хэмжээнд 10 байршилд хөдөлгөөнт хяналт шалгалтын цэг байгуулан, 24 цагаар ажиллуулж байна.