Элсэлтийн шалгалтын Монголын түүх, Англи хэлний хичээлийн дүнгийн мэдээлэл

2026-06-26 17:001min
20260626-170039-file.jpeg
Боловсролын яам элсэлтийн шалгалтын Монголын түүх, Англи хэлний хичээлийн шалгалтын ирц, дүнгийн талаар мэдээлэл өглөө. Ирц өндөр, 800 оноо авсан сурагчид тодорчээ.

Боловсролын яамны Ерөнхий боловсролын газрын дарга Л.Ганбат элсэлтийн шалгалттай холбоотой мэдээлэл өглөө. Тэрбээр Боловсролын сайдын тушаалаар элсэлтийн шалгалтанд дэмжлэг үзүүлэх баг байгуулан ажиллаж байгааг онцлов. Ажлын хэсэгт бүх аймаг, дүүргийн Боловсролын газрын дарга нар, яамны харьяа байгууллагын ажилчид, Цагдаагийн ерөнхий газар болон Тагнуулын газрын алба хаагчид оролцож байна. Элсэлтийн шалгалттай холбоотой ерөнхий мэдээллийг нээлттэй өгч ажиллахыг зорьж байгааг хэллээ.

Өчигдөр буюу 2026 оны 6 дугаар сарын 25-нд Монголын түүх болон Англи хэлний хичээлийн шалгалт зохион байгуулагдсан байна. Монголын түүхийн шалгалтад улсын хэмжээнд 1,320 шалгуулагч оролцож, ирц 87.2 хувьтай байжээ. Бүх шалгуулагчдын дүн оноо гарсан бөгөөд шалгалт өгсөн даруйд анхны оноо олгогддог байна. Дараа нь Боловсролын үнэлгээний төв шалгуулагчдын дүнг нэгтгэн хэмжээст оноог 24 цагийн дотор гаргаж, шалгуулагчийн буланд байршуулдаг аж. Монголын түүхийн хичээлээр хоёр сурагч 800 оноо авсан байна.

Англи хэлний хичээлээр 33,200 сурагч шалгалт өгөхөөр бүртгүүлснээс 31,619 нь шалгалтад орж ирц 95.2 хувьтай эхэлжээ. Улсын хэмжээнд 36 шалгуулагч 800 оноо авсан бөгөөд тэдгээрээс Баянзүрх дүүрэг 8, Хан-Уул 6, Баянгол 5, Сүхбаатар 3, Сонгинохайрхан 2, Чингэлтэй 1 сурагч тус тус 800 оноо авсан байна. Мөн өмнөх онд төгссөн гурван шалгуулагч 800 оноо авсан байна. Орон нутгаас Орхон аймаг 3, Завхан, Говьсүмбэр, Төв, Хөвсгөл, Дархан-Уул аймгаас тус бүр нэг сурагч 800 оноо авсан байна.

Элсэлтийн шалгалт хэвийн үргэлжилж байгаа бөгөөд өнөөдөр Хими, Газарзүй, Нийгэм судлал гэсэн гурван хичээлийн шалгалт зохион байгуулагдах юм.