Энэ сард Монголын нутгаар агаарын температур ба хур тунадасны төлөв

Энэ сард баруун аймгуудын нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан, харин зүүн аймгуудын нутгаар сэрүүн байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд нутгийн баруун хэсгээр дунджаас бага, зүүн хойд хэсгээр дунджаас ахиу, бусад нутгаар дунджаар орно.
Сарын эхээр баруун аймгуудын нутгаар дулаан байх боловч зүүн аймгуудын нутгаар эрс сэрүүсэж, дуу цахилгаантай аадар бороо орох магадлал өндөр байна. Наадмын баярын өдрүүд буюу хоёрдугаар арав хоногт ихэнх нутгаар харьцангуй дулаан байх төлөвтэй ч нутгийн зүүн хэсгээр зарим хугацаанд сэрүүн, хур тунадас ихтэй байх магадлалтай байна.
Баруун аймгуудын нутгаар Завханы зүүн, Баянхонгорын хойд хэсгээр агаарын дундаж температур олон жилийн дунджаар, бусад нутгаар дунджаас дулаан байна. Хур тунадас Баянхонгор, Завхан, Говь-Алтайн зүүн хэсгээр дунджаар, бусад нутгаар дунджаас бага орох төлөвтэй.
Сарын эхээр ихэнх нутгаар дулаан байх боловч нэгдүгээр арав хоногийн дунд, хоёр, гуравдугаар арав хоногийн сүүл үеэр сэрүүн байна. Нэг, гуравдугаар арав хоногийн эхэн болон хоёрдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна. Хур тунадас хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн ихэнх хугацаанд нутгийн зарим хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.
Төвийн аймгуудын нутгаар агаарын дундаж температур нийт нутгаар олон жилийн дунджаар, хур тунадас Сэлэнгийн зүүн, Төв аймгийн зүүн хойд хэсгээр ахиу, бусад нутгаар дунджаар орох төлөвтэй.
Сарын эхний хоногуудад харьцангуй дулаан өдрүүд үргэлжлэх боловч нэгдүгээр арав хоногийн дунд үеэс сэрүүснэ. Хоёрдугаар арав хоногийн эхэн, сүүл болон гуравдугаар арав хоногийн эхэн үед ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1–2°C-ээр бага буюу сэрүүн байна. Харин хоёр, гуравдугаар арав хоногийн дунд үед ихэнх нутгаар дулаан байна. Хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн сүүлчээр ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ширүүснэ.
Зүүн аймгуудын нутгаар Хэнтийн баруун хэсгээр олон жилийн дунджаар, бусад нутгаар дунджаас бага буюу сэрүүн байна. Хур тунадас Дорнодын өмнөд хэсгээр дунджаар, бусад нутгаар ахиу орох төлөвтэй.
Нэгдүгээр арав хоногийн ихэнх хугацаанд сэрүүн, ялангуяа эхэн үед ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3–5°C-ээр бага байна. Цаашлаад хоёр, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үед сэрүүснэ. Хур тунадасны хувьд нэг, хоёрдугаар арав хоногийн эхэн, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үед зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ширүүсэх нөхцөл бүрдэж болзошгүй.
Говийн аймгуудын нутгаар Өмнөговь аймгийн баруун хэсгээр олон жилийн дунджаас дулаан, бусад нутгаар дунджаар байна. Хур тунадас нийт нутгаар дунджаар орох төлөвтэй.
Сарын эхээр ихэнх нутгаар дулаан байх боловч нэгдүгээр арав хоногийн дунд, хоёрдугаар арав хоногийн сүүл, гуравдугаар арав хоногийн эхэн үед сэрүүснэ. Хоёрдугаар арав хоногийн дунд, гуравдугаар арав хоногийн дунд болон сүүл үед ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан байна. Хур тунадасны хувьд хоёрдугаар арав хоногийн сүүлч, гуравдугаар арав хоногийн эхэн болон сүүл үед зарим газраар дуу цахилгаантай аадар бороо орж, салхи ширүүсэх магадлалтай байна.
