Монгол, Хятадын Ерөнхий сайд нар стратегийн хамтын ажиллагаагаа урагшлууллаа

Ерөнхий сайд Н.Учрал 2026 оны 6 дугаар сарын 23-нд БНХАУ-ын Далянь хотноо зохион байгуулагдаж буй “Зуны Давос” чуулга уулзалтад оролцох үеэрээ БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чянтай хоёр талын уулзалт хийв.
Уулзалтаар хоёр улсын иж бүрэн стратегийн түншлэлийн хүрээнд худалдаа, эдийн засаг, дэд бүтэц, эрдэс баялаг, эрчим хүч, ногоон хөгжил, шинэ технологи, инновацын хамтын ажиллагааг бодит төслүүдээр урагшлуулах асуудлыг хэлэлцсэн.
Монгол Улсын Засгийн газар бодлогын тогтвортой байдал, залгамж чанарыг эрхэмлэн, хоёр улсын дээд, өндөр түвшний нэгдсэн ойлголцлыг бодит ажил хэрэг болгохыг зорьж байгааг Ерөнхий сайд Н.Учрал тэмдэглэв.
Тэрбээр Монгол Улс цаашид түүхий эдийг зөвхөн түүхийгээр нь экспортлох бус, нэмүү өртөг шингэсэн боловсруулах үйлдвэрлэлийг хөгжүүлэх зорилт тавьж байгааг онцолсон.
Зэс, хөнгөн цагаан, ган зэрэг боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэх төслүүдийн явц, тулгамдсан асуудал, хэрэгжилтийг түргэсгэх арга замын талаар санал солилцсон.
Ерөнхий сайд эдгээр төслүүдийг Монгол Улсын эдийн засгийн бүтцийг өөрчлөх, ажлын байр нэмэгдүүлэх, технологи нутагшуулах, экспортын орлогыг өсгөх стратегийн ач холбогдолтой гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян Монгол Улстай хөгжүүлж буй харилцаандаа өндөр ач холбогдол өгч, хоёр улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тулгуур баримт бичгийн үзэл санааны дагуу харилцан хүндэтгэлтэй хамтран ажиллаж байгаагаа тэмдэглэв.
Тэрбээр Монголын тал “Нэг Хятад”-ын бодлогыг тууштай баримталж, Тайвань, Хонконг, Шинжаан, Төвөдийн талаарх Хятадын байр суурийг дэмжиж ирсэнд талархал илэрхийлсэн.
Олон улсын нөхцөл байдал ээдрээтэй байгаа энэ үед НҮБ-ын дүрмийг сахин хамгаалж, бүс нутгийн тогтвортой байдлыг хамтдаа сахин хамгаалах нь хоёр улсын эрх ашигт нийцэхийг Ли Чян онцолсон.
Талууд худалдааны бүтцийг төрөлжүүлэх, экспортын нэр төрлийг нэмэгдүүлэх, боловсруулах үйлдвэрлэл, дэд бүтэц, тээвэр логистик, эрчим хүчний хамтын ажиллагааг эрчимжүүлэхийн тулд аж ахуйн нэгж хоорондын шударга хамтын ажиллагааг дэмжих эрх зүйн үндсийг бий болгохыг зорьж ажиллахаар тохиролцов.
Ерөнхий сайд Н.Учрал шинэ цагийн залуу удирдагчийн хувиар Монгол Улсын эдийн засгийн сэргэлтийг бодит төсөл, хөрөнгө оруулалт, үйлдвэрлэл, технологийн хамтын ажиллагаагаар түргэсгэхийг зорьж буйгаа илэрхийлэв.
Энэхүү уулзалт нь Монгол Улс түүхий эдийн экспортод тулгуурласан уламжлалт загвараас үйлдвэрлэл, боловсруулалт, нэмүү өртөг, технологид суурилсан эдийн засаг руу шилжих зорилтыг урагшлуулах чухал алхам болж байна.
