Монгол, БНСУ-ын батлан хамгаалах хэлэлцээр байгуулах эрх олгож, Төрийн далбааны өдрийн жагсаалд шинэ техник, хувцас танилцуулна

2026-06-24 15:001min
20260624-150042-file.jpeg
Засгийн газар Монгол, БНСУ-ын батлан хамгаалах хэлэлцээр байгуулах эрх олгож, Төрийн далбааны өдрийн ёслолын жагсаалд шинэ техник, цэргийн дүрэмт хувцас танилцуулахаар шийдвэрлэлээ.

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийн талаар Батлан хамгаалахын дэд сайд Д.Баасандамба мэдээлэл хийлээ.

Тэрээр Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хооронд батлан хамгаалах хэлэлцээр байгуулах эрхийг Батлан хамгаалахын сайд Д.Батлутад олгосныг мэдэгдэв.

Мөн жил бүрийн долоодугаар сарын 10-нд тэмдэглэдэг Төрийн далбааны өдрөөр цэргийн ёслолын жагсаал зохион байгуулагддаг бөгөөд энэ жил Ерөнхийлөгч, Засгийн газрын шийдвэрээр цэргүүд бүрэн зэвсэг, техник хэрэгслээр тоноглогдсон жагсаалд оролцохоор болсныг онцлов.

Засгийн газар бүрэн дэлгэмэл жагсаал зохион байгуулах шийдвэр гаргаж, үүнд шаардлагатай зардлыг баталсан байна.

Төрийн 8500 гаруй цэрэг, хууль сахиулагч оролцох бөгөөд 90 гаруй техник, байлдааны нисдэг тэрэг, тусгай техникийн парад давхар зохион байгуулагдах юм.

Энэ парадаар Монгол Улсын батлан хамгаалах салбарт шинээр нэвтрүүлсэн цэргийн болон тусгай зориулалтын техникүүдийг олон нийтэд танилцуулах бөгөөд дотооддоо үйлдвэрлэсэн хуягласан болон хүнд, хөнгөн байлдааны машин, дронуудыг үзүүлэхээр төлөвлөжээ.

Түүнчлэн 2024 оноос цэргийн дүрэмт хувцасны загварыг шинэчилсэн бөгөөд өмнө нь 3-5 төрөл байсан бол одоо 3-4 төрөл болж өөрчлөгдсөн бөгөөд шинэ хувцаснуудыг жагсаалд өмсөж оролцох юм гэж мэдээлэв.