Яармагаас Хархорин чиглэлд дүүжин замын тээврийн туршилтыг есдүгээр сард эхлүүлнэ

2026-06-22 15:011min
20260622-150103-file.jpeg
Яармагийн Арцатаас Хархорин чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 75 хувьтай байна. Тээврийн туршилтыг энэ оны есдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөжээ.

Яармагийн Арцатаас Хархорин чиглэлд баригдаж байгаа дүүжин замын тээврийн төслийн нэгдүгээр шугамын гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 75 орчим хувьд хүрсэн байна. Тулгуур багана хоорондыг холбох кабелийг агаарт сүвлэх, нарийн тохиргоо хийх ажлыг дөрөвдүгээр сараас тавдугаар сард бүрэн дуусгасан бөгөөд холбооны кабель суурилуулах бэлтгэл ажил эхэлжээ.

Хотын дарга Б.Пүрэвдагвын мэдээлснээр дүүжин замын тээврийн туршилтыг энэ оны есдүгээр сард эхлүүлэхээр төлөвлөж байна. Цамхаг, кабиныг угсарснаас хойш зургаан сарын турш зорчигчгүйгээр туршилтын тээвэрлэлт хийх журамтай юм.

Дүүжин тээврээр зорчих тарифыг 3000 төгрөгөөр тогтоосноор 2030 оноос ашигтай ажиллах тооцоолол гарчээ. Тээвэр ашиглалтад орсноор Яармагаас Хархорин хүртэлх зайг 11 минутын дотор туулах боломжтой бөгөөд нэг кабинд 10 хүн суух юм.

Төслийн хэрэгжилтээр Яармагаас Хархорин чиглэлийн автомашины хөдөлгөөн ойролцоогоор нэг хувиар буурч, өдөрт 100 мянган автомашин зорчдог бүсэд хөдөлгөөнд оролцох автомашины тоо 1000 орчимоор цөөрөх боломжтой гэж судалгаагаар тогтоожээ.

Бүтээн байгуулалтыг 2024 оноос Францын Пома группийн инженерүүд болон “Моннис инженеринг” ХХК, “Цагаан уран хийц” ХХК-ийн хамтарсан баг гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.