2026 оны элсэлтийн шалгалтын зөвлөмжүүд

Энэ оны элсэлтийн шалгалтыг 2026 оны 6-р сарын 25-28-ны өдрүүдэд зохион байгуулна. Нийт 49,014 сурагч шалгалт өгөхөөр бүртгүүлсэн бөгөөд шалгалт 25-ны өдөр түүхийн хичээлээр эхэлж, 28-нд Монгол хэлний хичээлээр дуусна. Шалгуулагчид шалгалт өгсөн даруйд анхны оноогоо мэдэх боломжтой бөгөөд хэмжээст оноо шалгалт өгснөөс хойш 24 цагийн дотор гарна.
Шалгуулагчид шалгалтын байранд шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө ирсэн байх шаардлагатай. Авто замын ачааллыг тооцож, шалгалт болох сургуульдаа урьдчилан очиж танилцахыг зөвлөж байна. Мөн шалгалт өгөхдөө гар утас, ухаалаг цаг, чихэвч, үзэг, цаас зэрэг зүйлсийг авч ирэхийг хориглоно.
Шалгуулагчид сайн унтаж амарч, сэтгэл санаагаа тогтвортой байлгах хэрэгтэй бөгөөд шаардлагатай бичиг баримтаа мартаж гээлгүй авч ирэхийг анхааруулж байна. Боловсрол, шинжлэх ухааны яамны хэвлэл мэдээлэл хариуцсан мэргэжилтэн Б.Цэрэннадмид “Элсэлтийн шалгалт өгөх шалгуулагчид шалгалтын байранд нэг цагийн өмнө ирсэн байх ёстой. Хориглосон зүйл авч орсон болон бусад шалгуулагчдад саад учруулсан тохиолдолд бүх шалгалтын оноог хүчингүйд тооцно” гэж мэдэгдлээ.
Мөн элсэлтийн шалгалт дөхөх үед “Элсэлтийн шалгалтын тест, хариу зарна” гэх хуурамч зар гаргаж иргэдийг залилдаг тохиолдол гардаг. Үнэн хэрэгтээ шалгалтын хариу, тест задрах боломжгүй тул шалгуулагч болон эцэг эхчүүдийг энэ төрлийн залилангаас сэрэмжлэхийг анхааруулж байна.
