Д.Төрмөнх анхны сайдын нэрэмжит шагнал хүртлээ

Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн аврагч химичин, ахлах ахлагч Д.Төрмөнх анхны сайдын нэрэмжит шагналын эзнээр тодорч, 50 сая төгрөгөөр шагнууллаа.
Д.Төрмөнх Онцгой байдлын байгууллагад 2015 оноос хойш 11 жил ажиллаж байгаа бөгөөд энэ хугацаанд 781 удаагийн гамшиг, аюулт үзэгдэл, ослын дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 230 гаруй иргэний амь насыг авран хамгаалжээ.
Тэрбээр 59 буцалтгүй нэрвэгдэгчийг гаргаж, холбогдох байгууллагад хүлээлгэн өгсөн байна. Тухайлбал, 2020 онд аймгийн Баян-Уул, Баяндун, Халхгол, Чойбалсан, Чулуун хороот, мөн Хэнтий аймгийн Биндэр сумдад гарсан ой, хээрийн гал түймрийн голомтод 44 хоног үүрэг гүйцэтгэсэн.
2021 онд “Буйр” нуурын мөсөнд живсэн хоёр автомашиныг 31 градусын хүйтэнд 10 метрийн гүнд шумбалт хийж татан гаргасан бол 2025 онд “Хөх” нуурт живсэн портер загварын автомашиныг 35 градусын хүйтэнд гүний шумбалт хийж татан гаргаж, нэг иргэний амь насыг хамгаалжээ.
Мөн энэ оны гуравдугаар сард аймгийн Гурванзагал сумын нутаг дэвсгэрт 20 хоног ажиллаж, 46 малчин өрх айл руу 2470 км зам, бэлчээр гаргаж, цасанд дарагдсан 12 малчин өрхийн малыг өвөлжөөнөөс гаргаж, зөөвөрлөх ажлыг зохион байгуулсан байна.
Цасанд сууж, боогдсон хөлдөж осгох, амь нас эрсдэх байдалтай 12 автомашин, техник хэрэгсэлтэй 40 орчим иргэний амь насыг авран хамгаалжээ.
Түүнчлэн Дорнод аймгийн 10 сумын нутаг дэвсгэрт гарсан 29 удаагийн ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагаанд оролцсон байна.
Ахлах ахлагч Д.Төрмөнх нь боксын спортоор 16 дахь жилдээ хичээллэж, бүс, улс, олон улсын тэмцээн, уралдаанд тогтмол амжилттай оролцдог спортын мастер тамирчин юм.
