Гадаад харилцааны яам боловсролын баримт бичгийг цахим апостильд холбож байна

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Боловсролын сайд Л.Энх-Амгаланд Гадаад харилцааны яамны Консулын газраас иргэдэд үзүүлдэг үйлчилгээг танилцууллаа.
Төрийн үйлчилгээний нэгдсэн систем E-Mongolia-д боловсролын баримт бичгийг холбосноор цахим апостиль гэрчилгээгээр баталгаажуулах боломж бүрдсэн талаар мэдээлэв.
Монгол Улсын гадаад харилцаа өргөжиж, гадаад улсыг зорих иргэдийн хөдөлгөөн нэмэгдсэнтэй холбогдуулан Гадаад харилцааны яамнаас иргэдэд хамгийн их үзүүлдэг үйлчилгээ нь “Апостиль” гэрчилгээ болсон байна.
2025 оны есдүгээр сараас эхлэн Гадаад харилцааны яам Төрийн үйлчилгээний нэгдсэн систем eMongolia-гаас таван хэлээр гардаг 12 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг цахим апостиль гэрчилгээгээр баталгаажуулж эхлэхээр төлөвлөжээ.
Апостиль гэрчилгээг хамгийн ихээр гадаад улсад суралцахаар хүсэлтэй оюутнууд авдаг байна.
Боловсролын баримт бичгүүдэд бүрэн дунд боловсролын, мэргэжлийн боловсролын гэрчилгээ, үнэмлэх, техникийн болон дээд боловсролын диплом, түүний тодорхойлолт, дүнгийн хуулбар зэрэг багтсан бөгөөд эдгээрийг E-Mongolia системд нэвтрүүлжээ.
Цахим апостиль гэрчилгээгээр баталгаажуулснаар Монгол Улсын хууль тогтоомж, олон улсын сайн туршлагад нийцэх бөгөөд хөдөө орон нутагт оршин суудаг иргэдэд чирэгдэл багатай, цаг хугацаа болон санхүүгийн хэмнэлттэй үйлчилгээ үзүүлэх ач холбогдолтой гэж Гадаад харилцааны яам мэдээлэв.
