Төрийн өмчит 14 компанийг татан буулгаж, заримыг нэгтгэлээ

Төрийн өмчит 14 компанийг татан буулгаж, заримыг нь нэгтгэх шийдвэр гаргалаа. “Шивээ сервис” компанийг “Шивээ-Овоо” ХК-д нэгтгэж, “Хөтөл энержи дулаан” компанийг “Цемент шохой” компанитай нийлүүлэн нэг компани болгон зохион байгуулна.
Мөн “Зэс боловсруулах цогцолбор”, “Дархан стийл”, “Багануур илч”, “Эрдэнэт ойл”, “Монголын эрдэс баялгийн бирж”, “Эрдэнэс шивээ энержи”, “Шим технологи”, “Төв Азийн уран”, “Гашуунсухайтын төмөр зам”, “Зөөхэрд” зэрэг компаниудыг татан буулгахаар шийдвэрлэжээ.
Түүнчлэн “Чингис хаан баялгийн сан нэгдэл” нэрийн дор “Эрдэнэс Монгол” болон “Чингис хаан баялгийн сан” менежментийн компанийг нэгтгэх аж.
Ерөнхий сайд Н.Учрал хэлэхдээ, дарга нарын тоог цөөлж, давхардсан 260 орон тоог бууруулан 67.3 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргасан гэж мэдэгдэв. Мөн өнөөдрөөс эхлэн “Эрдэнэс Монгол” нэгдэл нь “Чингис хаан үндэсний баялгийн сан” нэгдэл болж, хуульд заасны дагуу уурхайн бус хөрөнгийн удирдлагын компани болохыг онцолсон байна. Тэрбээр “Чөлөөлье” санаачилга үргэлжилж байгааг дурдав.
