Улаанбаатар хот KOICA-тай хамтран дөрвөн улирлын хүлэмжийн төсөл хэрэгжүүлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA)-ийн суурин төлөөлөгч Жу Хэйн Нантай уулзаж, хамтын ажиллагааны хэлэлцээрийн протоколд гарын үсэг зурлаа.
Хэлэлцээрийн дагуу Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, Шувуун фабрик орчимд орчин үеийн дэвшилтэт технологи бүхий дөрвөн улирлын хүлэмж байгуулж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлэхээр төлөвлөжээ.
Мөн нарийн ногооны тариалалтын технологи, суурь баазыг сайжруулж, мэргэжилтэн, тариаланчдыг БНСУ-д сургах талаар санал солилцсон байна.
“Улаанбаатар хотод тогтвортой ажиллах дөрвөн улирлын хүлэмжээр дамжуулан хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чадавхыг бэхжүүлэх” төслийг 2026-2031 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва Улаанбаатар хот хүн амын хэрэгцээний нарийн ногооны ихэнхийг импортоор авдаг бөгөөд дөрвөн улирлын хүлэмжийг байгуулснаар дотоодын хэрэгцээг хангах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой гэж онцлов.
БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны агентлаг (KOICA)-ийн суурин төлөөлөгч Жу Хэйн Нан Улаанбаатар хотын дөрвөн улирлын хүлэмжийн төсөлд дэмжлэг үзүүлж хамтран ажиллаж байгаад талархал илэрхийлэв.
Тэрбээр KOICA-аас хэрэгжүүлж буй бусад төслүүдийн талаар танилцуулж, тухайлбал Улаанбаатар хотод хүүхдийн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах зорилгоор сургуулийн бүс байгуулах төслийг хэрэгжүүлж буйг дурдав.
Өнөөдрийн байдлаар зорилтот 10 сургуулийн бүсийн замын хөдөлгөөний аюулгүй байдлын нөхцөлд нарийвчилсан судалгаа хийж, зураг төслийг боловсруулж байгааг талууд хэлэлцэв.
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд KOICA чухал хувь нэмэр оруулж ирснийг тэмдэглээд Улаанбаатар хотод хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрүүдийг дэмжин хамтран ажиллахыг илэрхийллээ.
