Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар боловсрол, хот байгуулалтын асуудлыг хэлэлцэв

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 10 дугаар хуралдаан болж, боловсролын байгууллагын хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, хүнсний хангамжийн асуудал, “Хотхоны бага сургууль” арга хэмжээ, “Хүүхдийн төлөө За бол Заавал хийе” болон “Чөлөөлье” аянуудын хэрэгжилтийн явц, барилга байгууламжийн зөвшөөрөл, норм, стандартад нийцсэн эсэх, хүн амын тооцоот нягтрал ихтэй бүс дэх хот байгуулалтын үйл ажиллагааны арга хэмжээ зэрэг асуудлуудыг хэлэлцэв. Мөн өмнө өгсөн үүрэг даалгаврын биелэлтийн талаар мэдээлэл сонсов.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва хүүхдүүдийг сургуульд хүргэх зорчилт нь түгжрэлийн нэг шалтгаан болдог тул хүүхэд бүр гэртээ ойр сургуульд суралцах нөхцөлийг бүрдүүлэх бодлогыг тууштай хэрэгжүүлэхээ онцлов. Үүнд “Хотхоны бага сургууль төсөл” чухал ач холбогдолтой бөгөөд уг төслийн зохион байгуулалт, гүйцэтгэлийг яаралтай хангахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо.
Тэрбээр төр, хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй байх бодлого баримталж, эхний алхам болгон ЕБС-ийн хоол үйлдвэрлэлийн зарим хэсгийг нийслэлийн өмчит аж ахуйн нэгжүүд гүйцэтгэхийг зогсоож, хувийн хэвшилд энэ чиглэлийн бизнест орон зай олгохыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Нийслэлийн Боловсролын газар нийлүүлэлтийн чанар, стандартад хяналт тавьж, сурагчдын үдийн хоолны чанарт анхаарахыг үүрэг болгосон байна.
Цаашид хүүхдийн үдийн хоолны хүнсний бэлдэц хийдэг нийслэлийн өмчит дөрвөн компанийн барилга, агуулах барих асуудлыг төсөвт тусгахгүй бөгөөд ТХХТ-ээр хэрэгжүүлэх гэж байсан ажлыг зогсоохоор төлөвлөж байна. Мөн Өмчийн харилцааны газарт дээрх байгууллагуудыг татан буулгах, хөрөнгө, өмчийн асуудлыг үр ашигтай зохион байгуулах саналаа танилцуулах үүрэг өгчээ.
