Суррон, скүүтэр, мопедны хөдөлгөөнийг зохицуулах хуулийг батлав

2026-06-12 11:001min
20260612-110022-file.jpeg
УИХ "Суррон, скүүтэр, мопедны хөдөлгөөнийг зохицуулах" Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталлаа. Хууль ирэх долоодугаар сарын 1-нээс хэрэгжинэ.

Улсын Их Хурлын гишүүн П.Батчимэг нарын гишүүд өргөн мэдүүлсэн “Суррон, скүүтэр, мопедны хөдөлгөөнийг зохицуулах” утга бүхий Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр эцэслэн баталлаа.

Энэхүү хууль батлагдсанаар сурроныг 18 нас хүрсэн, А ангиллын жолоодох эрхийн үнэмлэхтэй хүн жолоодож замын хөдөлгөөнд оролцох боломжтой болно.

Скүүтер, мопедыг 18 нас хүрсэн хүн унадаг дугуйн зам, эсвэл авто замын зорчих хэсгийн баруун эгнээгээр жолоодож замын хөдөлгөөнд оролцох зохицуулалт оржээ.

Скүүтер, суррон, мопедыг явган хүний замаар зорчуулахыг хориглож, зөрчсөн тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар торгох зохицуулалт тусгасан байна.

Мөн скүүтер, мопедыг зөвшөөрсөн байршлаас бусад газар байршуулсан тохиолдолд торгох арга хэмжээ авна.

Скүүтер, мопедыг улсын бүртгэлд бүртгүүлэх үүрэг хүлээлгэжээ.

18 нас хүрээгүй хүүхэд скүүтер, мопед унасан тохиолдолд эцэг эхэд хариуцлага тооцох зохицуулалт орсон байна.

Нийтийн хэрэгцээний мопед, скүүтерийн түрээсийн үйлчилгээ үзүүлэгч хуулийн этгээд нь аймаг, нийслэлийн Засаг даргатай гэрээ байгуулсны үндсэн дээр үйл ажиллагаа эрхлэх заалт тусгасан юм.

Энэхүү хууль ирэх долоодугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.