Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын ажилтнуудтай уулзав

2026-06-12 14:001min
20260612-140055-file.jpeg
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын ажилтан, малчин, үйлдвэрлэгчидтэй уулзаж салбарын хөгжил, дотоодын хэрэгцээг хангах, экспортын боломжийг нэмэгдүүлэх талаар ярилцлаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам болон харьяа агентлагуудын ажилтан, албан хаагчид, мал эмнэлгийн салбарын төлөөлөлтэй уулзлаа.

Ерөнхийлөгч хүн амыг эрүүл, баталгаатай хүнсээр хангах, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарыг хөгжүүлэхэд хүчин зүтгэж буй ажилтан, малчин, тариаланч, үйлдвэрлэгчдэд талархал илэрхийлэв.

Цаашид мал сүргийг өсгөх, эмчлэх, түүхий эдийг боловсруулах, хөнгөн үйлдвэр болон газар тариаланг хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлж, хүн амыг хүнс, хувцас, өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээр тасралтгүй хангахыг зорихыг онцлов.

Дотоодын хэрэгцээг бүрэн хангаж, экспортлогч орон болохын тулд төр, засаг, хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, дотоод, гадаадын хөрөнгө оруулагчид хамтран ажиллах шаардлагатайг тэмдэглэв.

Евразийн эдийн засгийн холбоотой байгуулсан худалдааны түр хэлэлцээрийн дагуу 367 нэр төрлийн бараанд тарифын хөнгөлөлт, чөлөөлөлт эдлэх боломж бүрдсэн гэдгийг тодотголоо.

“Хүнсний хувьсгал” хөдөлгөөн, “Цагаан алт” хөтөлбөрийн хүрээнд аж ахуйн нэгж, иргэдэд урьд өмнө байгаагүй хэмжээний зээл олгож, татварын хөнгөлөлт, чөлөөлөлт үзүүлж байгаа нь бодит үр дүн авчирч байгааг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ц.Идэрбат мэдээлэв.

2022-2025 онд “Хүнсний хувьсгал”-ын хүрээнд 2,500 гаруй аж ахуйн нэгж 1.3 их наяд төгрөгийн урт хугацаатай, бага хүүтэй, хөнгөлөлттэй зээл авсан байна.

Үүний үр дүнд аж ахуйн нэгжүүдийн хүчин чадал дор хаяж хоёр дахин нэмэгдэж, 53 үйлдвэр ашиглалтад орж, хүнсний 1,000 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүн шинээр үйлдвэрлэж байна.

Төмсний хэрэгцээг бүрэн хангаж, хүнсний ногооны 85 хувийг дотооддоо үйлдвэрлэж байгаа бөгөөд газар тариалан, мал аж ахуй, хүнс үйлдвэрлэлийн кластер хөгжих суурь тавигдлаа.

Агуулах, зоорийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, хүлэмжийн аж ахуй, усалгаатай газар тариаланг хөгжүүлэхэд анхаарч байна.

“Цагаан алт” хөтөлбөр нь хөнгөн үйлдвэрийн салбарт хөрөнгө оруулалт, технологийн шинэчлэл авчирч, малын гаралтай түүхий эдийг гүн боловсруулах, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний экспорт нэмэгдэх боломжийг бүрдүүлжээ.

Үйлдвэрүүдийн ээрэхийн хүчин чадал 400 тонноор нэмэгдэж 2,000 гаруй тоннд хүрсэн бол самнасан ноолуурын экспорт 330 сая ам.долларт хүрчээ.

Гутлын үйлдвэрүүд жилд 550 мянган хос гутал үйлдвэрлэх хүчин чадалтай болсон байна.

Энэ онд ноос, ноолуур, арьс, ширний салбарт нийт 535 тэрбум төгрөгийн эргэлтийн хөрөнгийн зээл олгох төлөвтэй байна.

Салбарын яам малчны залуу халаа, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, хөдөлмөрийн зохистой нөхцлийг бүрдүүлэхэд анхаарч байна.

Мал сүргийг байгаль, цаг уурын эрсдэлээс хамгаалахын тулд тариалангийн зориулалттай боловч ашиглагдаагүй, атаршсан газарт 1,000 гаруй багт ногоон тэжээл тариалах “Нутагтаа эзэн 100:1000” төсөл хэрэгжүүлж байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарынхан тогтвортой хөгжлийг хангаж, малчид, тариаланчид, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчдийг дэмжиж, дотоодын зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүний хувь хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлж, экспортын шинэ боломж нээхийг зорьж байна.

Энэхүү салбар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 33 хувийг, экспортын орлогын 5 хувийг бүрдүүлж, нийт ажиллах хүчний 49 хувьд ажлын байр бий болгож байна.

Мөн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хичээнгүй экспресс” ХХК-ийн захирал, малын их эмч Лувсанцэндийн Зундуйд Малын гавьяат эмч, “Улаанбаатар гурил” ХХК-ийн Үйлдвэрийн дарга, технологич Буянтогтохын Намдаад Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цол хүртээлээ.

Нэр бүхий эрхмүүдийг төрийн дээд одон, медалиар шагнасан байна.