Цахир сумын Содномдаржаа уул руу машинаар явахыг хориглов

2026-06-11 22:001min
20260611-220041-file.jpeg
Архангай аймгийн Цахир сумын засаг дарга Содномдаржаа уул руу зорин очих мөргөлчдийг явганаар явахыг шаардсан захирамж гаргалаа. Энэ нь байгаль орчныг хамгаалах зорилготой юм.

Архангай аймгийн Цахир сумын засаг дарга О.Лхагвабаясгалан 2026 оны зургаадугаар сарын 9-нд захирамж гаргаж, Цахир сумын нутаг дахь Содномдаржаа уул руу зорин очих мөргөлчдийг явганаар явахыг шаардсан байна.

Энэхүү шийдвэр нь Содномдаржаа ууланд орших тойн эрдэнэ Ц.Чүлтэмжамц, цорж, аграмба Р.Санжаажав нарын занданшуулсан шарилыг зорин очих мөргөлчдийн тоо нэмэгдэж, олон салаа зам үүсгэн уулын хөрс эвдэрч, ургамал сүйдэн, амьтад дайжих зэрэг экосистемийн тэнцвэрт сөргөөр нөлөөлж байгаатай холбоотой юм.

Иймд байгаль орчныг хамгаалах зорилгоор Содномдаржаа уул руу машинаар зорчихыг хориглож, хууль бусаар хүн тээвэрлэх үйл ажиллагааг таслан зогсоох арга хэмжээ авчээ. Одоо мөргөлчид уулын бэлээс шүтээн хүртэл явганаар зорчих шаардлагатай болсон байна.