Нийслэлд газар өмчлүүлэх ажлыг энэ сарын 10-19-нд зохион байгуулна

Нийслэлийн хэмжээнд иргэдийн эзэмшиж буй газрыг өмчлөх эрх рүү шилжүүлэх ажлыг эрчимжүүлэх аян энэ сарын 10-19-ний өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль 2002 онд батлагдаж, 2003 оны тавдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн бөгөөд 2028 оны тавдугаар сарын 1 хүртэл хүчин төгөлдөр мөрдөгдөх юм. Хуулийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэрт гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар 0.07 га хүртэл газрыг иргэдэд өмчлүүлж байгаа бөгөөд 2003-2025 оны хооронд нийт 213,579 иргэнд 11,396 га газрыг өмчлүүлжээ. Энэ нь нийслэлд бүртгэлтэй нийт иргэдийн 12 хувь нь нэг удаа үнэгүй газар өмчлөх эрхээ эдэлсэн гэсэн үзүүлэлт юм.
НИТХ-ын 2025 оны 25/134 дүгээр тогтоол болон Засгийн газрын 2026 оны 46 дугаар тогтоолоор баталсан “Монгол Улсын иргэнд 2026 онд өмчлүүлэх газрын нийт хэмжээ, байршил, зориулалт”-ын дагуу энэ онд нийслэлийн хэмжээнд 2843 иргэнд 156.42 га газрыг гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар өмчлүүлэхээр төлөвлөсөн байна.
Газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилгоор нийслэлийн хэмжээнд эзэмших эрхийг өмчлөх эрх рүү шилжүүлэх боломжтой 114,021 нэгж талбарын судалгааг хийж, холбогдох байгууллагад хүргүүлжээ. Судалгаагаар газар дээрээ 2-30 жил амьдарч байгаа, өмчлөх боломжтой 99,517 нэгж талбар тогтоогдсон байна.
Үүнтэй холбоотойгоор газрын кадастрын мэдээллийн системд утасны дугаар нь бүртгэлтэй 37,714 газар эзэмшигчдэд мэдээллийн зурвас илгээж, газар өмчлөх үйл ажиллагаанд хамруулах ажлыг зохион байгуулж байна. Нийслэлийн Газрын албанаас зохион байгуулж буй аяны хүрээнд иргэдэд газар өмчлөхтэй холбоотой зөвлөгөө мэдээлэл өгч, холбогдох материалыг газар дээр нь хүлээн авах юм.
