Монгол Улсад төрөлт, гэрлэлтийн бууралт ба гэр бүл салалтын өсөлт нэмэгдэж байна

Монгол Улсад төрөлт, гэрлэлтийн түвшин буурч, гэр бүл салалтын тоо өсөх хандлага ажиглагдаж байна. Мөн хүн амын насжилт нэмэгдэж, хөдөө орон нутаг дахь залуучуудын хөгжлийн болон жендэрийн тэгш бус байдал зэрэг хүн ам зүйн сорилтууд тулгарч байна.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал НҮБ-ын Хүн амын сангийн Монгол дахь Суурин төлөөлөгч ноён Халид Шарифийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр талууд хүн ам, гэр бүл, жендэрийн эрх тэгш байдлыг хангах чиглэлээр хамтын ажиллагаагаа өргөжүүлэх талаар санал солилцов.
А.Даваажаргал нарийн бичгийн дарга гэр бүлийн тухай хууль болон гэр бүлийн хөгжлийг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийг хангах, ахмад настны нийгмийн хамгааллыг сайжруулах, гэр бүл төлөвлөлт, нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловсролын хөтөлбөрүүдийг шинэчлэх, эмэгтэйчүүдийн эдийн засгийн оролцоог нэмэгдүүлэх, жендэрт суурилсан хүчирхийллээс урьдчилан сэргийлэх тогтолцоог бэхжүүлэх, хөдөөгийн малчин эмэгтэйчүүдийн нийгмийн хамгааллыг дэмжих зэрэг чиглэлүүдэд хамтын ажиллагаагаа өргөжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
Ноён Халид Шариф НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүлэх чиглэлүүдтэй нийцэж буй энэхүү бодлогын зорилтуудыг дэмжин хамтран ажиллахыг илэрхийлэв. Мөн хүн ам зүйн хэтийн төлөвийг тодорхойлох судалгаа, шинжилгээний ажлыг Үндэсний статистикийн хороотой хамтран хэрэгжүүлэхээр тохиролцсон бөгөөд энэ судалгаа нь бодлогын шийдвэр гаргахад чухал зөвлөмж болох юм.
