Баян-Өлгий аймагт шүлхий өвчний тархалтаас сэргийлэх хорио цээрийн дэглэмийг шинэчлэв

Баян-Өлгий аймгийн засаг дарга 2024 оны 6 дугаар сарын 10-нд шүлхий өвчний тархалтаас урьдчилан сэргийлэх, хяналтыг эрчимжүүлэх зорилгоор зарим сумдад тогтоосон хорио цээрийн дэглэмд өөрчлөлт оруулсан захирамж гаргалаа.
Тус аймгийн Онцгой комиссын шийдвэр болон Мал эмнэлгийн газрын саналыг үндэслэн, Өлгий, Бугат сумын 3, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт хэрэгжиж байсан хорио цээрийн дэглэмийг бууруулж, 6 дугаар сарын 10-ны өдрийн 13:00 цагаас эхлэн 14 хоногийн хугацаатай хязгаарлалтын дэглэмд шилжүүлэв.
Шүлхий өвчний тархалт бүрэн буураагүй тул Алтай суманд мөрдөж буй хорио цээрийн дэглэмийг үргэлжлүүлж, шинээр мал өвчилсөн Дэлүүн суманд хорио цээрийн дэглэм тогтоон, хүн, мал, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлав.
Мөн аймгийн төвөөс Улаанбаатар хот, Ховд, Увс аймаг болон Буянт, Толбо сум, Цагааннуур боомтын чиглэлд зорчих иргэд, тээврийн хэрэгсэлд ариутгал халдваргүйжүүлэлт хийж, нэвтрүүлэхээр болсныг мэдэгдэв.
Захирамжаар Ховд аймаг болон Баян-Өлгий аймгийн Алтай, Булган, Буянт, Дэлүүн, Толбо сумдын хоорондох малын шилжилт хөдөлгөөнийг бүрэн хориглосон байна.
Түүнчлэн олон нийтийг хамарсан хурим найр, хүлээн авалтын үйл ажиллагаанд нэмэлт хяналт тавьж, өвчин бүртгэгдсэн болон эрсдэлтэй бүсээс мал, мах бүтээгдэхүүн оруулахыг хориглолоо.
Мал, амьтны гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх хүрээнд хурдан морины бүх төрлийн уралдаан, үсэргээ зохион байгуулахыг тодорхойгүй хугацаагаар зогсоосон байна.
Аймаг, сумдын удирдлагуудад ариутгал халдваргүйжүүлэлтийг эрчимжүүлэх, хяналтын цэгүүдийг ажиллуулах, өвчний голомт болон хамгаалалтын бүсэд хөдөлгөөний хяналтыг чангатгах үүрэг өгчээ.
Иргэд, малчдыг холбогдох байгууллагын заавар зөвлөмжийг чанд мөрдөж, шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээнд идэвхтэй оролцохыг мэргэжлийн байгууллагууд анхааруулж байна.
