2006 онд хууль бусаар гарсан үлэг гүрвэлийн ясыг Монголд эргүүлэн авчирлаа

2026-06-11 13:001min
20260611-130042-file.jpeg
2006 онд Монгол Улсын хилээр хууль бусаар гаргасан үлэг гүрвэлийн олдворыг олон улсын хамтын ажиллагааны үр дүнд эх оронд нь эргүүлэн авчирлаа. Судалгааны дараа олон нийтэд үзүүлэхээр төлөвлөж байна.

Монгол Улсын хилээр 20 жилийн өмнө хууль бусаар гадаад улс руу гаргасан үлэг гүрвэлийн ясыг эх оронд нь эргүүлэн авчирлаа. Энэхүү олдворыг өнөөдөр Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейд хүлээн авах ажиллагаа боллоо.

Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээлэл олон нийттэй харилцах хэлтсийн дарга Дэд хурандаа Д.Мөнххуягийн мэдээлснээр, 2006 онд Өмнөговь аймгийн нутаг дэвсгэрт хууль бусаар хайгуул хийж олсон үлэг гүрвэлийн багц ясыг 8 иргэн улсын хилээр хуурамч бичиг баримт ашиглан гаргаж, гадаад улсад худалдан борлуулсан байна.

Энэ хэрэгт Цагдаагийн байгууллага Эрүүгийн хуулийн холбогдох зүйл заалтаар эрүүгийн хэрэг үүсгэн мөрдөн шалгах ажиллагаа явуулж байгаа бөгөөд холбогдох байгууллагуудын хамтын ажиллагааны үр дүнд соёлын өвийг Монгол Улсад эргүүлэн авчирсан байна.

Франц улсад хураан авсан үлэг гүрвэлийн багц яс, тэр дундаа Тиранозавр Батаарын бүтэн хэлхээ яс нь мөрдөн шалгах ажиллагаа, шүүхийн шийдвэрийн дагуу Монголд буцаж иржээ. Мөн уг хэрэгтэй холбоотойгоор Франц улсад гадаадын гурван улсын дөрвөн иргэн шалгагдсан байна.

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас ажлын хэсэг гарч ажилласан бөгөөд тус яамны Соёлын өвийн хэлтсийн дарга Б.Даваацэрэн хэлэхдээ, палеонтологийн олдворууд нь соёлын өвд хамаарах тул хууль бусаар хилээр гарсан эдгээр олдворыг эргүүлэн авчрах ажлыг зохион байгуулж байна гэв.

Монгол Улс 1970 оны Соёлын эд зүйлийг хууль бусаар экспортлох, импортлох, өмчлөх эрхийг шилжүүлэхээс урьдчилан сэргийлэх конвенц болон 1995 оны ЮНИДРУА-гийн конвенцод нэгдсэн бөгөөд олон улсын байгууллагуудтай хамтран ажилласны үр дүнд олдворууд эх орондоо ирэх боломж бүрджээ.

Эдгээр олдворын араас 13 жилийн туршид идэвхтэй хөөцөлдсөний үр дүнд бүтэмжтэй ажил болсон бөгөөд судалгааны ажлууд дууссаны дараа олон нийтэд сурталчлах төлөвлөгөөтэй байна.

Байгалийн шинжлэх ухааны үндэсний музейн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Манчук хэлэхдээ, Франц улсад биечлэн очиж сав баглаа боодол, тээвэрлэлтийн ажлыг гүйцэтгэсэн бөгөөд нийт 15 хайрцагт 38 олдвор ирсэн гэж мэдээлэв.

Ихэнх олдвор нь хожуу цэрдийн үеийн буюу 66-100 сая жилийн өмнө Монголын говьд амьдарч байсан үлэг гүрвэлийн яснууд бөгөөд Палеонтологийн хүрээлэнтэй хамтран тодорхойлсны дараа олон нийтэд үзэсгэлэн гаргахаар төлөвлөж байна.

Эдгээр олдвор нь өмнө нь олдсон олдворуудтай нийлж бүтэн олдвор болох тул үнэ цэнтэй бөгөөд Монголд ирэх жуулчид, судлаачдын тоог нэмэгдүүлэх боломжтой гэжээ.

Тус олдворыг МИАТ ТӨХК тээвэрлэн авчирсан бөгөөд МИАТ ТӨҮГ-ийн Карго тээвэр борлуулалтын хэлтсийн дарга Б.Түвшинтөгс 70 жилийн ойд зориулсан уг ажилд амжилттай оролцсонд баяртай байгаагаа илэрхийлэв.