Булган боомтоор газрын тосны бүтээгдэхүүн худалдан авах боломжийг судалж байна

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр Бүгд Найрамдах Хятад Ард Улсад ажлын айлчлал хийж байна. Айлчлалынхаа хүрээнд тэрбээр Шиньжаан Уйгарын Өөртөө Засах Орны Өрөмч хотод байрлах газрын тосны хоолойн Pipe China компанийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэхүү компани БНКазУ-аас жилд 11 сая тонн түүхий тосыг 2226 километр үргэлжлэх хоолойгоор дамжуулан худалдан авч, БНХАУ-ын дотоодын түүхий газрын тосны нийлүүлэлтийн нэг хэсгийг хангадаг байна. Хоолойн нийт хүчин чадал 20 сая тонн бөгөөд үндсэн хоолойноос 300 километр салаалсан нэг хоолой нь Монгол Улсын Булган боомттой хиллэдэг Такашикен боомт руу ойртох боломжтой талаар танилцууллаа.
Шадар сайд Н.Номтойбаяр өнгөрсөн гуравдугаар сард батлагдсан Хятадын XV таван жилийн төлөвлөгөөнд баруун бүсийн хилийн боомтуудыг хөгжүүлэх асуудал тусгагдсан талаар дурдсан юм. Тэрбээр Булган боомтоор дамжуулан Монгол Улс газрын тосны бүтээгдэхүүн худалдан авах боломжийг судалж байгааг онцоллоо. Энэ нь Дорноговь аймгийн Алтанширээ суманд баригдаж буй “Монголын газрын тос боловсруулах үйлдвэр” рүү түүхий газрын тосны бүтээгдэхүүнийг тээвэрлэх боломжийг бүрдүүлэх юм.
