Нийслэл бизнес эрхлэгчдийг дэмжиж, хамтран ажиллах бодлого баримтална

2026-06-09 17:551min
20260609-175557-file.jpeg
Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва хувийн хэвшлийн төлөөлөлтэй уулзаж, бизнес эрхлэх нөхцөлийг сайжруулах, төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулах чиглэлд ажиллаж байгаагаа мэдэгдэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва болон холбогдох албан тушаалтнууд хувийн хэвшлийн 80 гаруй төлөөлөлтэй уулзаж, санал солилцлоо. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийн 76 хувь, худалдаа үйлчилгээний 84 хувь төвлөрч, нийслэлийн ДНБ-ий 70 хувийг бүрдүүлж байна. Иймээс бизнес эрхлэгчдийн санал, асуудлыг сонсож, бодлого, үйл ажиллагаандаа тусгахаар боллоо.

Б.Пүрэвдагва Засаг дарга эдийн засаг, геополитикийн тогтворгүй нөхцөлд хувийн хэвшлийн тулгамдсан асуудлуудыг тодорхойлж, төрийн үйлчилгээний хүнд суртлыг бууруулах, бизнес эрхлэх нөхцөлийг сайжруулах чиглэлд ажиллаж байгаагаа онцлов. Тэрбээр нийслэлд төсөл, хөтөлбөрийн явцыг ил тод мэдээлэх шинэ платформ хөгжүүлж байгаа бөгөөд 2026 оныг “Бизнесийг дэмжих жил” болгон зарласан гэв.

Хотод төр, хувийн хэвшлийн түншлэлээр 42 төсөл хэрэгжиж байгаа бөгөөд эрчим хүч, дулаан, хог, ус, тээвэр зэрэг салбарт хамтран ажиллахад нээлттэй байгааг тэмдэглэв. Мөн төрийн үйлчилгээний зөвшөөрлийг цуцлах, цахим системд холбох ажлыг Засгийн газартай уялдаатай хэрэгжүүлж байна.

Улаанбаатар хотын Худалдааны танхимын гүйцэтгэх захирал Б.Хаш-Эрдэнэ аж ахуйн нэгжүүдийн тулгамдсан асуудлуудыг танилцуулж, авто замын түгжрэл, тээврийн зардал, хоол хүнсний ариутгал, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны асуудлуудыг онцлов.

Уулзалтад оролцсон хувийн хэвшлийн төлөөллүүд татварын дэмжлэг, төслийн эрэмбэлэлт, газар чөлөөлөлт, тээврийн татвар, барилгын норм, хот төлөвлөлтийн асуудлыг хөндөж, санал гаргалаа.

Уулзалтын төгсгөлд Б.Пүрэвдагва Засаг дарга бизнес эрхлэгчид, ажил олгогчид, татвар төлөгчдийн оролцоо нь хотын хөгжлийн үндсэн хүчин зүйл гэдгийг тэмдэглэв.