Онцгой байдлын салбарт ₮5.5 их наядын хөрөнгө оруулалт хийнэ

2026-06-04 10:001min
20260604-100040-file.jpeg
Шадар сайд Н.Номтойбаяр онцгой байдлын техник тоног төхөөрөмжийн шинэчлэлд 5.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэхийг мэдэгдэв. Мөн ашиг сонирхлын зөрчилтэй албан тушаалтнуудад хариуцлага тооцохоор ажиллаж байгааг онцлов.

Улсын онцгой комиссын анхдугаар хурлаар Онцгой байдлын албаны техник тоног төхөөрөмжийн асуудлыг хэлэлцсэн талаар Шадар сайд Н.Номтойбаяр мэдээлэл өглөө.

Тэрбээр барилгын стандартын дагуу цахилгааны шугам нь галт тэсвэртэй бүрхэвчтэй байх, дохиолол, ус цацах систем, галд тэсвэртэй дулаалгын материал зэрэг шаардлагыг мөрдлөг болгон хэрэгжүүлэх ажил өнгөрсөн хугацаанд зогссон гэж тэмдэглэв.

Аюул ослоос урьдчилан сэргийлэхийн тулд стандартын мөрдөлт, төлөвлөгөөт хяналт шалгалтыг тогтмол явуулах шаардлагатай бөгөөд үүнийг Төр, иргэний хяналтын тухай хууль батлагдсанаар сайжруулах боломжтой гэж үзэж байна. Уг хуулийг Засгийн газрын дараагийн хуралдаанаар хэлэлцэхээр төлөвлөжээ.

Онцгой байдлын албаны техник тоног төхөөрөмж, алба хаагчдын хувцас хэрэгсэл 41.6 хувиар дутмаг байгааг онцолж, үүний гол шалтгаан нь улсын төсвийн хязгаарлагдмал санхүүжилт гэж тодорхойлсон байна.

Гамшгаас хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулж, санхүүжилтийг даатгал, аж ахуйн нэгжийн орлогын албан татвартай холбох замаар онцгой байдлын байгууллагын санхүүгийн бие даасан байдлыг хангах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж байна.

Ойрын хугацаанд нийт 5.5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт онцгой байдлын салбарт хийгдэх бөгөөд үүний үр дүнд техник хангамжийг 80 хувьд хүргэх боломжтой гэж мэдэгдэв. Хэдийгээр эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгаа ч шаардлагатай тоног төхөөрөмжийг улсын төсөв болон хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар авах төлөвтэй байна.

Тус хөрөнгө оруулалтын хүрээнд урт сунадаг шаттай хоёр техник авах бөгөөд эдгээр нь 44 тоннын даацтай, Улаанбаатар хотын замд явах боломжгүй томоохон техникүүд юм. Мэргэжлийн судалгааны үндсэн дээр ХБНГУ-аас хоёр томоохон техник сонгож авна гэв.

Гэхдээ сунадаг шаттай техникээр хангагдлаа гээд галын аюулаас бүрэн сэргийлж чадахгүй бөгөөд иргэд, байгууллагууд хариуцлагатай, мэдлэг мэдээлэлтэй байх шаардлагатайг онцолсон.

Мөн гар утасны баруун, зүүн товчлуурыг зэрэг дарснаар SOS дуудлага гарч ирдэг системийг Монголд нэвтрүүлэхээр ажиллаж байгааг мэдээллээ. Энэ систем нь дуудлага хийсэн иргэний байршил болон шаардлагатай тусламжийг автоматаар зохицуулах юм.

Сүүлийн үед гарсан алдаа, дутагдалд хариуцлага тооцох бөгөөд үүнд системчилсэн авлига нөлөөлсөн байж болзошгүй гэж тэмдэглэв. Ашиг сонирхлын зөрчилтэй өндөр албан тушаалтнууд хяналт шалгалтын ажлын хэсэгт орж болохгүй бөгөөд ийм хүмүүсийг солих асуудлыг хэлэлцэнэ гэв. Хариуцлагын асуудлыг хүний нүүр харалгүй шийдвэрлэх болно.

Сүүлийн 10 жилийн хугацаанд янз бүрийн осол аваараас болж бага насны 516 хүүхэд нас барсан статистик мэдээллийг танилцууллаа.