E-Mongolia платформд эрсдэл мэдэгдэх шинэ цэс болон яаралтай тусламжийн байршлын систем нэвтрүүлнэ

2026-06-04 08:001min
20260604-080033-file.jpeg
Ч.Номин сайд "E-Mongolia" платформд эрсдэл мэдэгдэх шинэ цэсийг нэвтрүүлж, яаралтай тусламжийн дуудлагад байршлын мэдээллийг шууд дамжуулах дэвшилтэт системийг 2024 оны зургадугаар сарын 15-наас хэрэгжүүлнэ гэдгийг мэдээлэв.

Ч.Номин сайд “Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл”-өөс санаачилсан “Хүүхдийн төлөө За бол Заавал хийе” уриалгын хүрээнд “E-Mongolia” платформд эрсдэл мэдэгдэх шинэ цэсийг нэвтрүүлсэн талаар мэдээлэв.

Энэхүү цэсээр иргэд өөрийн орчинд хүний эрүүл мэнд, амь насанд эрсдэл учирч болзошгүй нөхцөл үүссэн тохиолдолд шуурхай мэдээлэх боломжтой болсон байна. Мэдээллийг 11-11 төвөөр дамжуулан холбогдох байгууллагад шууд шилжүүлж, авсан арга хэмжээний талаарх мэдээллийг эргэн өгдөг бөгөөд үйл ажиллагаанд орсон эхний дөрөв хоногт 125 мэдээлэл иржээ.

Мөн эрсдэлийн мэдээллийн системийн API-ийг хувийн хэвшилд нээлттэй болгосон тул төрийн бусад болон хувийн секторын платформууд уг системийг ашиглах боломжтой болсон байна.

Түүнчлэн, олон улсын судалгаанд үндэслэн SOS буюу яаралтай тусламжийн дуудлагын системд дэвшилтэт технологи нэвтрүүлэхээр болжээ. Иргэд яаралтай тусламж, цагдаа, онцгой байдлыг гар утсаараа дуудахад байршлын мэдээлэл 20-50 метрийн нарийвчлалтайгаар операторын дэлгэцэнд шууд харагдах болно. Энэ нь яаралтай тусламжийн дуудлагын хугацааг 1.5 минут хэмнэх боломжийг бүрдүүлнэ.

Энэхүү үйлчилгээ 2024 оны зургадугаар сарын 15-наас эхлэн хэрэгжиж эхэлнэ.

Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настнууд, хөдөлмөрийн чадвараа түр алдсан иргэд, 0-3 насны хүүхэдтэй эцэг эхчүүдэд зориулсан мэдээлэл хүлээн авах хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор www.inclusivedata.mn системийг байгуулжээ. Энэ систем нь дээр дурдсан бүлгийн иргэдэд илүү ойр, ойлгомжтой байдлаар мэдээлэл хүргэх бөгөөд e-Mongolia платформын хүрээнд бүх мэдээллийг дамжуулах, эрсдэлийн дуудлагыг өгөх боломжийг олгоно гэж Ч.Номин сайд онцлов.