Ц.Цогтыг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулах саналыг Ерөнхийлөгчид уламжлахаар болов

2026-06-04 12:001min
20260604-120052-file.jpeg
Улсын дээд шүүхийн шүүгчдийн санал хураалтаар Ц.Цогт олонхийн саналаар Ерөнхий шүүгчээр сонгогдож, түүнийг томилуулах саналыг Ерөнхийлөгчид уламжлахаар шийдвэрлэлээ.

Монгол Улсын Дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөн өнөөдөр хуралдаж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчийг сонгох асуудлыг хэлэлцэв. Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн, шүүгч Ч.Хосбаяр болон Захиргааны хэргийн танхимын шүүгч Ц.Цогт нар нэр дэвшиж, санал хураалтын дүнгээр шүүгч Ц.Цогт олонхийн саналыг авчээ. Иймд түүнийг Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар шийдвэрлэв.

Цэндийн Цогт нь 1998 онд Монгол Улсын Их сургуулийн Хууль зүйн сургууль, 2007 онд АНУ-ын Willamette University College of Law-д Master of Laws зэрэг хамгаалсан. Мөн 2017 онд Япон Улсын Nagoya University, Graduate School of Law-оос хууль зүйн ухааны докторын зэрэг авсан бөгөөд 2020 оноос Duke University School of Law-н Шүүх судлалын мастерын хөтөлбөрт суралцаж байна.

Тэрбээр 1998-2001, 2004-2005 онд МУИС-ийн Хууль зүйн сургуульд цагийн багшаар ажиллаж, 2007-2016 онд Практик сургалтын тэнхимд 50 хувийн багш, 2018 оноос Нийтийн эрх зүйн тэнхимд цагийн багш, 2019 оноос гэрээт дэд профессорын албан тушаал хашиж байна.

Мөн Ц.Цогт 1998 онд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн нарийн бичгийн даргаар ажиллаж эхэлсэн бөгөөд 1998-2004 онд Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимд нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах, Ерөнхий шүүгчийн туслахын үүрэг гүйцэтгэсэн.

Тэрбээр 2004-2011 онд Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шүүгч, 2011-2013 онд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, 2013-2020 онд тус шүүхийн шүүгчээр ажилласан.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 144 дүгээр зарлигаар Улсын дээд шүүхийн шүүгчээр томилогдон ажиллаж байна.