Цахим хонжворт сугалааны үйл ажиллагаанд мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна

Цахим орчинд шууд дамжуулалт хэлбэрээр зохион байгуулдаг хонжворт сугалааны үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд Мөрдөн шалгах албанаас эрчимжүүлсэн шалгалт явууллаа.
Шалгалтын явцад тээврийн хэрэгслийн обуд, гупер, нүүр зэргийг сольж олон удаа хонжворт сугалаанд оролцуулах замаар иргэдийг залилсан этгээдүүдийг илрүүлжээ. Мөн цахим орчинд байршуулсан лайв мэдээллийг устгах байдлаар хууль бус үйлдэл хийснийг тогтоосон байна.
Түүнчлэн хамаарал бүхий хүмүүст мөнгө санал болгож, азтан болсон мэт хуурамч зураг болон бичлэг цахим хуудсанд байршуулж иргэдийг төөрөгдүүлсэн, шилэн хүрдэнд урьдчилан төлөвлөсөн азтаны цаасыг бусдаас ялган хуйлж шалгаруулалт явуулсан, хамаарал бүхий этгээдийн орон сууц, тээврийн хэрэгслийг зах зээлийн үнээс өндөр үнээр борлуулах зорилгоор хонжворт оруулсан зэрэг хууль бус үйлдлийг илрүүлэн цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
