Т.Мөнхдалайг АТГ-аас саатуулжээ

2026-06-03 19:011min
20260603-190145-file.jpeg
“Улаанбаатар метро” төслийн захирал Т.Мөнхдалайг Авлигатай тэмцэх газраас саатуулж, Т.Даваадалайн хэрэгт холбогдуулан шалгаж байна. Төсөлтэй холбоотой тендерийн асуудалд анхаарал хандуулж байна.

Т.Даваадалайгийн төрсөн дүү, “Улаанбаатар метро” төслийн захирал Т.Мөнхдалайг 2026 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Авлигатай тэмцэх газраас саатуулжээ.

Т.Даваадалайг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, Улсын ерөнхий прокурорын газрын шийдвэрээр Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Цагдаагийн ерөнхий газрын мөрдөгчдийн ажлын хэсэг байгуулан нэг сарын хугацаатай цагдан хорьж, шалгаж байна.

АТГ-аас мэдээлснээр, Т.Даваадалай, Н.Билгүүн нарын хэрэгтэй холбоотойгоор Нийслэлийн төсөл хөтөлбөрийн 30 дансны 2.6 их наяд төгрөгийг царцаасан байна. Мөн Т.Даваадалайн эхнэр Б.Анхтуяагийн компани “Туулын хурдны зам” төслөөс 20 тэрбум төгрөгийн тендер авсан асуудал илэрсэн.

Төрсөн дүү Т.Мөнхдалай нь “Улаанбаатар метро” төслийн даргаар ажиллаж байгаа бөгөөд тус төслийн одоогийн нээлттэй тендерт өрсөлдөж буй гурван монгол компанийн нэг нь 2024 он хүртэл Б.Анхтуяагийн нэр дээр байсан компани юм. Энэхүү асуудлын хүрээнд Т.Мөнхдалайг АТГ-аас саатуулсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд 48 цаг саатуулах эрхтэй байна. Хэрэв хөдлөшгүй нотлох баримт олдож, прокурор хүлээн авбал шүүхэд 30 хүртэлх хоногоор цагдан хорих хүсэлтийг хүргүүлэх боломжтой юм.