Монголын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ багууд дэлхийн аваргын “В” хэсгийн тоглолтуудаа эхлүүлэв

Олон улсын сагсан бөмбөгийн холбооноос зохион байгуулдаг 3х3 насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Польшийн Варшав хотод эхэллээ.
Долоо хоног үргэлжлэх уг тэмцээнд эрэгтэй, эмэгтэй тус бүр шилдэг 20 баг оролцож байгаа бөгөөд Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ баг өчигдөр хэсгийн эхний хоёр тоглолтоо хийсэн.
Эрэгтэй баг “В” хэсэгт Чех, Польш, АНУ, Латвийн багуудтай өрсөлдөж байна. Монголын эрэгтэйчүүд хэсгийн эхний тоглолтдоо Чехийн шигшээ багт 14:17-оор хожигдсон бөгөөд тоглолтыг сайн эхлүүлсэн ч төгсгөлд нь оноо алдаж эцсийн үр дүнд нөлөөлсөн байна. Хэсгийн хоёр дахь тоглолтонд талбайн эзэн Польшийн багийг 21:19-өөр ялжээ. Одоогоор Чехийн баг хоёр хожилтой тэргүүлж байгаа бол Монгол, Латвийн баг тус бүр нэг хожилтой, АНУ нэг хожигдолтой, Польш хоёр хожигдолтой байна. Эрэгтэй баг хэсгийн сүүлийн тоглолтуудаа энэ сарын 5-ны 01:20 цагаас АНУ, 03:10 цагаас Латвийн багтай хийхээр товлогдсон байна.
Эмэгтэй баг “В” хэсэгт Австрали, Испани, АНУ, Унгарын багуудтай багтсан. Хэсгийн эхний тоглолтонд Австралийн багт 15:21, дараагийн тоглолтонд Испанид 11:13-гаар хожигдсон байна. Монголын эмэгтэй шигшээ багийн бүрэлдэхүүнд анх удаа орсон Н.Нандинхүсэл бэлтгэлийн үеэр шагайндаа бэртэл авснаас ДАШТ-ийг өнжихөөр болж, түүнийг Б.Болор-Эрдэнэ орлон тоглож байгаа юм. Эмэгтэй баг хэсгийн сүүлийн тоглолтуудаа энэ сарын 5-ны 00:30 цагаас АНУ, 02:45 цагаас Унгарын багтай хийхээр хуваарилагдсан байна.
