Цахим үйлчилгээ, эрсдэл мэдээлэл зэрэг салбарт шинэчлэлүүд хийгдэж байна

2026-06-03 15:021min
20260603-150229-file.jpeg
Цахим үйлчилгээний шинэ платформ нээгдэж, зээлийн гэрээг цахимаар байгуулах боломж нэмэгдэж байна. Мөн эрсдэл мэдээлэх систем болон байршил дамжуулах технологийг нэвтрүүлэхээр ажиллаж байна.

Засгийн газрын ээлжит хуралдааны шийдвэрийг танилцуулах үеэр Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Ч.Номин “Хүүхдийн төлөө за” санаачилгын хүрээнд хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өглөө.

Нэгдүгээрт, “И-бизнес 2.0” платформыг хөгжүүлж, аж ахуйн нэгжүүд Зөвшөөрлийн тухай хуульд заасан 371 зөвшөөрлийг цахимаар авах боломжтой болно. Төрөөс үзүүлэх үйлчилгээ нэг цонхонд төвлөрч, хоёр цагийн дотор шинэ бизнесээ нээх боломж бүрдэнэ. Мөн жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдэд зориулсан 15 гэрээний загварыг цахимд байршуулж, гэрээ байгуулах үйл явцыг хялбарчлах юм. Энэхүү платформыг энэ сарын 12-нд албан ёсоор нээхээр төлөвлөжээ.

Хоёрдугаарт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн нэмэлт өөрчлөлттэй уялдуулан банк болон эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж, хөрөнгийг шилжүүлэх, зээлийн үйл ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орж байна. Үүний хүрээнд иргэд зээлийн гэрээг цахимаар байгуулах боломжтой болох аппликейшн болон банкны үйлчилгээг нэвтрүүлж байна.

Гуравдугаарт, “И Монголиа” системд эрсдэл мэдээлэх цэс нэмэгдэж, иргэд орчин тойрон дахь нийтийн зам талбай, галын аюул зэрэг эрсдлийг мэдээлэх боломжтой боллоо. Мэдээллийг төрийн нэгдсэн хур системээр дамжуулан 1111 төвлөрүүлэн хүлээн авч, хариуцагч байгууллагад хуваарилж, шийдвэрлэх явцыг эргэн мэдээлдэг. Цэс нээгдсэн дөрөв хоногийн хугацаанд 125 орчим дуудлага хүлээж авсан бөгөөд хүртээмжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Дөрөвдүгээрт, зургаадугаар сарын 15-наас түргэн тусламж, цагдаа, онцгой байдлын албанд мэдээлэл хүргэх, өөрийн байршлыг илгээх технологийг нэвтрүүлэхээр бэлтгэж байна. Энэ нь утасны унтраах товч дээр дарахад идэвхждэг SOS технологид суурилсан бөгөөд ойролцоогоор 1.5 минутыг хэмнэх бөгөөд эрсдэлтэй иргэн байршлаа үнэн зөв дамжуулах боломжийг олгоно.

Мөн нийгмийн сүлжээнд хүүхдийн аюулгүй байдлыг хангах хуулийн төслийг удахгүй өргөн барихаар бэлтгэж байна гэж сайд Ч.Номин мэдээлэв.