Алтайн уулархаг нутаг, говь, талд шороон шуурга шуурна

2026 оны 6 дугаар сарын 1-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Алтайн уулархаг нутаг, говь, тал, хээрийн нутгаар салхи түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй байна. Төв болон зүүн аймгуудын зарим газраар бороо орж, уулаараа нойтон цас орох төлөвтэй байна. Бусад нутгаар бороо орохгүй.
Салхи ихсэх тул малчид, иргэд, тээвэрчид анхааралтай байхыг зөвлөж байна.
Дулааны хувьд Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр +8…+13 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +26…+31 градус, Алтайн уулархаг нутаг, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн хойд хэсгээр +20…+25 градус, бусад нутгаар +14…+19 градус байна.
