Нийслэлд энэ онд 80 цахилгаан машины ногоон өртөө байгуулах төлөвлөгөө батлагдлаа

2026-05-29 10:001min
20260529-100037-file.jpeg
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал цахилгаан автомашины дэд бүтцийг хөгжүүлэх хүрээнд Улаанбаатар хотод 80, орон нутагт 30 ногоон өртөө байгуулахыг үүрэг болголоо.

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах “Ногоон” тогтоолын хэрэгжилтийг эрчимжүүлэх үүднээс хувийн хэвшил, аж ахуйн нэгжүүдийн саналыг авч, зарим асуудлыг шийдвэрлэлээ.

Улаанбаатар хотын худалдааны танхим цахилгаан автомашины дэд бүтцийг хөгжүүлэх хөтөлбөр танилцуулсан бөгөөд хоёр жилийн хугацаанд Улаанбаатар болон орон нутагт 500 орчим цахилгаан машины цэнэглэх ногоон өртөө байгуулах тооцоолол гаргажээ. COP-17 хурлын өмнө 40 станц байгуулах төлөвлөгөөтэй байна.

2030 он гэхэд Монгол Улсад цахилгаан машины эрэлт 50 мянгад хүрэх бөгөөд таван жилд 300 сая литр шатахууны хэрэглээг орлуулж, 200 сая ам.долларын хэмнэлт хийх тооцоо гарчээ.

Энэ жилийн хувьд Улаанбаатарт 80, орон нутагт 30 байршилд цахилгаан машины цэнэглэх станц суурилуулахаар төлөвлөсөн байна.

Цахилгаан машинтай иргэдийн 95 хувь нь гэртээ цэнэглэдэг бөгөөд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалтаар 500 станц байгуулснаар шөнийн цагаар хямд үнэтэй цэнэглэх ухаалаг төлбөрийн систем нэвтрүүлэх боломжтой юм. Цахилгаан машинтай жолооч жилд дунджаар долоон сая төгрөг хэмнэх тооцоо гарчээ.

Ерөнхий сайд Н.Учрал хувийн хэвшлийг дэмжиж, өвөлжилтийн бэлтгэлийг зундаа хангахыг онцлоод Сангийн яамыг татварын нэг хувийн хөнгөлөлтөөр санхүүжилтийг шийдвэрлэх, зургаадугаар сарын 5-ны дотор гэрээ байгуулж барилга угсралтын ажлыг эхлүүлэх үүрэг өгсөн байна.

Нийслэл болон Зам, тээврийн яам 80 байршлыг яаралтай тогтоох үүрэг авлаа.

Мөн Замын-Үүд-Улаанбаатар чиглэлд цахилгаан машин цэнэглэгч, кофе шоп, хоолны газар, дэлгүүр, ариун цэврийн байгууламж зэрэг цогц байгууламж бүхий “Ногоон өртөө” байгуулах санаачилгыг дэмжиж, хувийн хэвшлийг татварын бодлогоор дэмжихээр төлөвлөжээ. Газар олгоход бэлэн байгааг Ерөнхий сайд онцолсон.

Нийслэлийн Засаг дарга Б.Пүрэвдагва Улаанбаатарт 804 мянган автомашин бүртгэлтэй бөгөөд тэдгээрийн 0.2 хувь нь цахилгаан машин гэж мэдээлэв. Цахилгаан машины тоог нэмэгдүүлэх шаардлагатайг онцлон, хувийн хэвшилтэй хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

Засгийн газраас 2026 оны дөрөвдүгээр сарын 29-нд баталсан Түлш, эрчим хүчний хараат байдлыг бууруулах Ногоон тогтоолын хүрээнд таван байршилд батарей хуримтлуур, нарны станц байгуулах ажлыг гүйцэтгэх сонирхолтой 100 гаруй аж ахуйн нэгж бүртгэгдсэн байна.