Ази тивийн насанд хүрэгчдийн шатрын аварга шалгаруулах тэмцээн Улаанбаатарт болно

Насанд хүрэгчдийн Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээн 5 дугаар сарын 28-наас 6 дугаар сарын 7-ны өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулагдана. Монгол Улсад анх удаа болох энэхүү тэмцээнийг Монголын шатрын холбооны ерөнхийлөгч Г.Занданшатар санаачлан, эх орондоо зохион байгуулж байна. Тэмцээнд Азийн 27 улсын 240 гаруй шилдэг шатарчин оролцож, классик цагийн хяналттай стандарт төрлөөр өрсөлдөнө.
Ази тивийн хамгийн өндөр чансаатай энэхүү тэмцээний ялагчид 2027 оны Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрх авна. Тэмцээн шатарчдын хувьд онцгой ач холбогдолтой бөгөөд нээлттэй ангиллын эхний таван байр болон эмэгтэй шатарчдын аварга ирэх жилийн Дэлхийн цомд оролцох эрхтэй болно.
21 дэх удаагийн Ази тивийн шатрын аварга шалгаруулах тэмцээн 10 хоногийн турш “Баянгол” зочид буудалд явагдах бөгөөд тэмцээнийг chess.com болон lichess.org цахим хаягаар шууд үзэх боломжтой.
