Хөвсгөлд Монголын эзэнт гүрний үеийн археологийн олдворууд илэрчээ

Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэн болон Америкийн Мичиганы их сургуулийн хамтарсан судалгааны баг 2026 оны 5 дугаар сарын 12-25-ны өдрүүдэд Хөвсгөл аймгийн Арбулаг сумын “Гол мод” хэмээх газарт археологийн малтлага, судалгааны ажил хийсэн байна. Судалгааны багийг Шинжлэх ухааны академийн Археологийн хүрээлэнгийн доктор Ж.Баярсайхан ахалж, АНУ-ын Мичиганы их сургуулийн судлаач доктор Браян Миллер хамтран ажилласан ажээ. Малтлагаар Монголын эзэнт гүрний үед холбогдох долоон булшийг малтан судалсан бөгөөд өрөмтэй шаазан ваар, шаар ваар, эмээл, дөрөө, амгай зэрэг морины иж бүрэн тоног хэрэглэл, төмөр зэв, саадагны тоноглол, төрөл бүрийн чимэглэл зэрэг нийгэм, соёл, ахуйг судлахад ач холбогдолтой олдворууд илэрсэн байна. Доктор Ж.Баярсайхан эдгээр олдворын зарим нь Монголын нутаг дэвсгэрээс бүрэн бүтнээрээ анх удаа илэрч байгаа бөгөөд Монголын эзэнт гүрний үеийн судалгаанд онцгой ач холбогдолтой гэж тэмдэглэжээ. Илэрсэн олдворуудыг бүртгэн баримтжуулах, сэргээн засварлах, нарийвчилсан шинжилгээ хийх ажил үргэлжилж байгаа бөгөөд судалгааны үр дүнг үе шаттайгаар олон нийтэд танилцуулахаар төлөвлөж байна. Мөн Хөвсгөл аймгийн Засаг дарга Л.Төмөрбаатар судалгааны багийн ажилтай газар дээр нь танилцаж, түүх, соёлын өвийг хамгаалах, цаашдын судалгааг орон нутгаас дэмжиж хамтран ажиллахаа илэрхийлсэн байна.
