Монгол хүүхдүүдийн илүүдэл жингийн түвшин болон чихэрлэг бүтээгдэхүүний нөлөө

Хүн амын хоол тэжээлийн үндэсний зургаа дахь судалгааны урьдчилсан дүнгээс үзэхэд Монгол Улсын хүүхдүүдийн дунд илүүдэл жинтэй байх хувь хэмжээ насны бүлгээр харилцан адилгүй байна.
6-9 насны хүүхдүүдийн 24.5 хувь, 10-12 насны хүүхдүүдийн 22.4 хувь, 13-15 насны хүүхдүүдийн 13.6 хувь, 16-19 насны хүүхдүүдийн 15.7 хувь нь илүүдэл жинтэй гэж судалгаагаар тогтоогджээ.
Таргалалт нь хүүхдийн хооллолт болон хөдөлгөөний хомсдолтой шууд холбоотой бөгөөд чихэрлэг хүнсний бүтээгдэхүүний хэрэглээ энэ байдалд нөлөөлж байна.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс дөрвөн том худалдааны төв, хоёр супер маркетад 22-75 мянган төгрөгийн үнийн дүнтэй хүүхдийн бэлгийн багцад үнэлгээ хийсэн байна. Нэг бэлгийн багцад дунджаар 49 грамм сахар агуулагдаж байгаа нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөсөн хүүхдийн өдөрт авах сахарын хэмжээнээс давсан үзүүлэлт юм.
ДЭМБ-ын зөвлөмжөөр хүүхэд өдөрт 20 граммаас ихгүй сахар хэрэглэх нь зохистой гэж үздэг бол том хүн 10 грамм нэмэлт сахар хэрэглэж болохоор заасан байна.
Гэвч дэлгүүрүүдэд худалдаалагдаж буй хүүхдийн бэлгэнд хэт их сахар агуулсан бүтээгдэхүүн багтдаг тул эцэг эхчүүд ууттай амттан худалдан авахдаа бүтээгдэхүүний шошгыг анхааралтай унших шаардлагатайг НЭМҮТ санууллаа.
Мөн хүүхдийн бэлгэнд боосон өнгө, будаг оруулсан бүтээгдэхүүн нь аутизм, харшил, суурь өвчтэй хүүхдүүдийн өвчнийг сэдрээх эрсдэлтэй гэж мэргэжилтнүүд үзэж байна. Сахар, чихэрлэг бүтээгдэхүүний хэрэглээ ихэссэнээс хүүхдийн дунд таргалалт нэмэгдэж байгааг онцолжээ.
