Дүүжин замын тээврийн төслийн барилга угсралт 70 хувьд хүрчээ

2026-05-27 17:011min
20260527-170146-file.jpeg
Энхтайваны өргөн чөлөө, Хархорин захыг Яармагтай холбох Дүүжин замын тээврийн төслийн барилга угсралтын ажил 70 гаруй хувьд гүйцэтгэлтэй байна. Ган татлагыг холбох ажил үргэлжилж байна.

Энхтайваны өргөн чөлөө буюу Хархорин захыг Яармагтай холбох Дүүжин замын тээврийн төслийн барилга угсралтын ажил 2025 оны 3-р сарын 10-нд эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар нийт гүйцэтгэл 70 гаруй хувьд хүрсэн байна.

Төслийн хамгийн чухал хэсгүүдийн нэг болох ган татлагыг 5-р сараас хийж эхэлсэн бөгөөд одоогийн байдлаар үндсэн 58 мм-ийн голчтой ган татлагыг холбох ажил явагдаж байна. Энэ ажлыг хоёр удаа давтан гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.

Үндсэн ган татлага буюу тросс нь зургаан багц ган татлагын нийлмэл бүтэцтэй бөгөөд тус бүрийг салгаж, сүлжих аргаар хооронд нь холбох ажиллагаа хийгдэж байна.

“Дүүжин замын тээвэр” төслийг Францын Пома группийн инженер, мэргэжилтнүүд, “Моннис инженеринг” ХХК болон “Цагаан уран хийц” ХХК-ийн баг хамтран гүйцэтгэж байгаа бөгөөд “Нэгдсэн төслийн удирдлагын газар” ОНӨТҮГ болон “Максимал” ХХК захиалагчийн хяналтыг тавин ажиллаж байна.

Дүүжин замын тээврийн нэг шугам нь 1035 автомашин, 35 автобустай дүйх хэмжээний зорчигч тээвэрлэх хүчин чадалтай бөгөөд нүүрсхүчлийн хийн ялгаруулалт багатай юм.